Хавирга боомтоор адуу экспортлоогүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-09 15:47:05

Дорнод аймгийн Хавирга боомтоор энэ сарын 3-ны шөнө 1240 толгой адуу экспортолсон тухай мэдээлэл үндэслэлгүй гэдгийг МХЕГ-аас мэдээлэв.

Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны 10 дугаар сарын 18-нд МХЕГ болон ГЕГ-т адуу хилээр гаргахгүй байх үүрэг өгсөн. Гэтэл энэ сарын 03-нд Хавирга хилийн боомтоор 1240 толгой адуу экспортолсон тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ (Фэйсбүүк)-гээр цацагдсан. Үүний дагуу МХЕГ-аас Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн газартай холбогдож тодруулахад дээрх мэдээлэл нь үндэслэлгүй, ташаа мэдээлэл гэсэн хариу ирүүлжээ.

Цахим хуудас, олон нийтийн сүлжээ нь хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх орон зай хэдий ч бусдын нэр төрд халдсан, худал гүтгэлэг тараавал хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцох эрх зүйн орчин бий. Тиймээс иргэдийг гүтгэлэг, ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээхгүй байхыг МХЕГ-аас анхааруулав.

Ч.Ариунболд

相关新闻