Бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн Данийн иргэнийг саатуулан шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-10 10:09:27

Централ тауэрын зургадугаар давхарт бөмбөг дэлбэлэхээр сүрдүүлсэн хэргийн мөрөөр мэргэжлийн байгууллагууд шалгалт хийж байна.

Одоогоор бөмбөг, тэсэрч дэлбэрэх бодис олдоогүй ч шалгалтыг нарийвчлан хийж байна. Өчигдөр болсон уг хэргийн газарт Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид, Нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид хамгаалалтад гарч, Тусгайгийн зургаан цагдаа, хоёр үнэрч нохойгоор тэсэрч, дэлбэрч болзошгүй бөмбөг байгаа эсэхийг шалгажээ.   Барилгыг цагдаа, онцгойгийнхон хянаж буй ч Централ тауэрын ойролцоох авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлаагүй гэж Замын цагдаагийн албаны хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргал мэдээллээ. Сүрдүүлсэн Данийн иргэнийг саатуулжээ. Сэжигтэн этгээд Централ тауэрын зургадугаар давхарт байрлах Канад улсын Элчин сайдын яамны  байранд тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзахаар 16.00 цагийн орчимд очжээ. Ингээд Элчин сайдын яамны зүгээс тухайн иргэнд уулзах боломжгүй гэсэн хариулт өгснөөс тэрбээр бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн аж. Энэ үед тус газрын хамгаалалтын алба цагдаагаас тусламж хүсч, дуудлага өгсөн байна. Одоо уг хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлэн шалгалт үргэлжилж байгаа юм.

Ж.Батсайхан

相关新闻