НОБГ галаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-10 10:35:30

 “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын дагуу гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан нийслэлийн ОБГ-аас Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай хамтран иргэд, олон нийтэд Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Эрчим хүчний тухай хууль тогтоомжийг сурталчилж байна.

Гэр хорооллын айл өрх, иргэд, олон нийтийн хэрэглээний цахилгаан хангамж болон цахилгаан халаалтын төхөөрөмж, цахилгаан дамжуулах утсыг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг энэ сарын 09-ний өдрөөс хоёрдугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 30 хоногийн хугацаанд явуулахаар боллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны Нэгдүгээр сарын 26-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулна. Гэр хорооллын хороодын Засаг дарга болон холбогдох албан тушаалтан, иргэдэд нийслэлийн ОБГ, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас хамтран сургалт зохион байгуулж, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран дэс дараатай арга хэмжээг авна. Мөн иргэд, олон нийтэд хэрэглээний цахилгаан тоног төхөөрөмж, бусад цахилгаан хэрэгслийг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу ашиглах, хэрэглэх болон гэр, байшингийн цахилгааны монтажны угсралтыг мэргэжлийн хүнээр хийлгэх, стандартын шаардлага хангасан цахилгааны утсыг ашиглах талаар мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах юм. Гэр хороололд байршилтай худалдааны төв, зах болон хороод, гудамж, талбайд шуурхай албаны автомашины чанга яригч хэрэгслээр гарсан гал түймрийн тоо, хохирол, шалтгаан нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллийг өгч, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлгийн материалыг тарааж, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэж НОБГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻