Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-01-16 18:24:00

ХЗДХЯ-наас даваа гариг бүрт уламжлал болгон зохион байгуулдаг “Хууль төрөхийн өмнө” энэ удаагийн хэлэлцүүлгээр Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг авч хэлэлцлээ.

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, “Цагдаагийн албаны тухай хуулийг 2013 онд баталж, 2014 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн боловч тодорхой бэрхшээлтэй асуудлууд учирч байсан. Үүнийг  шийдвэрлэх зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын нийгмийн баталгаа, эрх зүйн байдалтай холбоотой харилцааг  тухайлсан хууль буюу  Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулна гэж заасан байдаг.

Гэвч дээрх хууль өнөөдрийг хүртэл батлагдаагүй учраас цагдаагийн байгууллагын эрх зүйн орчин тодорхойгүй байгаа юм. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад цагдаагийн байгууллагын ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, байгууллагын соёл, үнэт зүйл, түүхэн уламжлалыг авч үлдэх, сэргээх, цагдаагийн байгууллага иргэдэд ойртсон үйл ажиллагааг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн. Жишээ нь, иргэдэд хэрхэн шаардлага тавих, орон байранд нэвтрэх, тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад хэрхэх вэ гээд тодорхой асуудлыг хуульчлан баталгаажуулж өгч байгаа. Иргэдийн эрх чөлөөнд үндэслэлгүйгээр халдах, хязгаарлахаас урьдчилан сэргийлэхээс гадна цагдаагийн байгууллагын үйл ажиллагаагаа иргэдэд улам илүү ойртоно хэмээн үзэж байгаа” гэлээ. 

Энэ үеэр ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал”, тус яамны ахлах мэргэжилтэн Я.Жавхлан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл”, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн цагдаа судлалын тэнхмийн эрхлэгч Ю.Бадамханд “Цагдаагийн албан хаагчийн нийгмийн баталгааны шинэтгэл”, Хошууч генерал Б.Пүрэв “Цагдаагийн албаны тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл,1993 оны Цагдаагийн байгууллагын тухай хуулийн зарим зохицуулалтын харьцуулалт” сэдвээр илтгэл тавив. 

相关新闻