Таван хүн архинд хордсон байдалтай нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-01-17 14:12:27

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий таван иргэн архинаас хордсон байж болзошгүй байдлаар нас баржээ.

Ямар учир шалтгаанаар иргэд нас барсныг тодруулах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж Засаг даргын зөвлөлд шуурхай танилцуулах  зорилго бүхий уг ажлын хэсгийнхэн өчигдөр орой 22:30 цагийн үед үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Хэрэг бүртгэлт явж байна. Урьдчилсан байдлаар эдгээр иргэд нэг дор бөөндөө байж, нэг зүйлээс хордсон байж болзошгүй гэсэн таамаг байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд  шинжлүүлэх ажиллагаа хийж байна. Одоогийн байдлаар яг ийм зүйлээс ингээд хордчихлоо гэсэн зүйл тогтоогоогүй байна. Өглөө гэхэд шинжилгээний дүн эцэслэж гарна. Ер нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс ийм байдалд хүрсэн байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг бий” гэв.

Мэргэжлийн хяналтын газрын хувьд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан нийт 247 улсын байцаагч ажилтан ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулан шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн лацаджээ. Мөн 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж эхэлсэн байна.

Иймд иргэд архи согтууруулах ундаа болон спиртийн найрлагатай хүнсний бус ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Мөн архи согтууруулах ундаа хэрэглээд биеийн байдал муудсан бол яаралтай 103-т хандахыг албаны хүмүүс зөвлөлөө.

Б.Гаваа

 

 

 

相关新闻