Шүүх танхимд амиа хорлохыг завдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБаянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр сонссон даруйдаа амиа хорлохыг завдсан хэрэг олны анхаарлыг татаад байгаа. Энэ хэргийн талаар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн нараас тодрууллаа.
Л.Мөнхтуяа,“Тахарын алба татан буугдсанаар шүүхийн аюулгүй байдал энэ мэт алдагдаж, цаашид ямар ч ноцтой байдалд хүрч болзошгүй байдалд байна. Мөн шүүгдэгч этгээд хоолойгоо юугаар зүссэнийг цагдаагийн байгууллага тогтоогоогүй байна. Шүүх хурлын үеэр шүүх танхимын зарим эд зүйлийг гэмтээсэн. Уг нь шүүгдэгчийг нэгжиж шалгасны дараа шүүх танхимд оруулах ёстой. Тухайн өдөр цагдаагийн ажилтан шалтгалт хийсэн эсэх талаар мэдээлээгүй. Тус шүүхийн хамгаалалтад нийт 12 цагдаа ажилладаг бөгөөд хурлын долоон танхимд дөрвөн цагдаа хамгаалалтад ажилладаг” гэсэн бол, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн: -Шүүх хурал бол даргалагч шүүгчийн бүрэн удирдлагаар явагддаг. Шүүх хурлын танхимд болж байгаа бүх хөдөлгөөн шүүхийн протоколд бичигдэж явдаг. Харин шүүх хуралд оролцож байгаа цагдаагийн алба хаагч нь уг танхимд нийтийн хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үүрэг гүйцэтгэдэг. Тухайн шүүгч нь гэмт хэрэгтнийг гавлах, шүүхийн аюулгүй байдлыг ханга гээгүй бол цагдаа шүүгдэгчийг гавлах, харгалзагч биед нь хүрэх гэх мэт үйлдэл хийж болохгүй. Тухайн шүүх хурлын бичлэгээс үзэхэд шүүгдэгч хоолойгоо зүсэхэд нь цагдаа гараас нь татаж болиулж байгаа дүрс байна. Цагдаа өөрийнхөө хийх үүргийг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа шүүх хурал эхлэхээс өмнө танхимд орох шүүгдэгчийн биед үзлэг хийх ёстой. Үзлэгээ хийж журмын дагуу ажилласан. Одоогийн байдлаар шүүгдэгч хумсаараа өөрийгөө гэмтээсэн гэсэн дүгнэлт гарсан. Шүүгдэгч Б нь өмнө нь хоёр удаа ял шийтгэгдэж. Өршөөлийн хуулиар суллагдаад давтан гэмт хэрэг үйлдээд ял авахдаа дээрх үйлдлийг хийсэн. Шүүхийн танхимд амиа хорлохыг завдсан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл буюу шүүх танхимд танхайрсан гэх үндэслэлээр дахин хэрэг үүсгэж Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна гэлээ.
Ж.Батсайхан