Хуулийн хэрэгжилтийг хангах дэд зөвлөл байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬГэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах дэд зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл / ГХУСАЗ-ийн дэргэд 16 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд ХНХЯ, ЭМЯ, БСШУСЯ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ, Нийслэлийн Цагдаагийн газар, Хууль сахиулах их сургууль болон Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтжээ. Дэд зөвлөл нь энэ сарын 13-ны өдөр ХЗДХЯ-нд анхны хурлаа хийж, ЦЕГ-аас Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хийсэн мэдээллийг сонсов. Өнөөдөр зөвлөлийн гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд заагдсан чиг үүрэг, хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцын тухай танилцуулга мэдээлэл болон Дэд зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
Ж.Батсайхан