Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын нэгэнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас эл өдрийг “Гамшгийн эсрэг иргэний хамгаалалттай хамт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа байгууллагууд энэ өдрийг олон нийтэд сурталчлан таниулах, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн, мэдээллийн цагийг зохион байгуулах юм байна. Энэ жилийн хувьд Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан төв, орон нутгийн газар, хэлтэс, анги байгууллагууд орон нутагтаа хууль сурталчлах өдрийг зохион байгуулах, “Иргэний хамгаалалтын түүхэн замнал” түүхэн номын нээлтийг хийх, сайн дурын аврагч бэлтгэх сургалт, Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Оюутан-аврагч” сэдэвт сургалт зохион байгуулна. Мөн “Цэвэр агаар” сэдэвт явган аялал, цасны баяр, Улаанбаатарын хүрээний анги байгууллагын офицер бүрэлдэхүүний гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулах юм.
Ж.Батсайхан