Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-08 13:07:31

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ноос оос “Итгэл Нэмье” уриан дор  “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг өнөөдөр Энхтайвны гүүрэн дээр зохион байгуулав.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр болгон тэмдэглэхээс илүүтэй эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. Жилд хууль хяналтын байгууллагуудад эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн 700 гаруй гэмт хэрэг бүртгэгддэг байна. Үүний дийлэнхийг эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх, хүний наймааны золиос болох болох, гэр бүлийн болон ажлын байрын хүчирхийлэл эзэлдэг гэдгийг МЗХ-ны Хэвлэлийн төлөөлөгч Э.Энхтуяа онцлов.

Тэрбээр, “Эмэгтэйчүүд бол нийгмийн хамгийн эмзэг бүлгийн нэг юм. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн өндөрлөгүүдийг идэвхтэй ажиллахыг уриалж байна. Түүнчлэн эрчүүдийг эмэгтэйчүүдийг хайрлах, хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байхыг уриалж байгаа юм” гэлээ.Тайван жагсаалд залуу охид, бүсгүйчүүд, нийгэм, урлаг соёл, бизнесийн салбарт манлайлан ажиллаж байгаа эмэгтэйчүүд оролцлоо.

Жагсаалд оролцогчид “Эрүүл хүүхэд хүсч байна”, “Итгэл даах эр хүн байна уу”, “Залуу та төрдөө, удамдаа гэм хийгээгүй биз”, “Би орлого олох хэрэгсэл биш”, “Би ажил хиймээ байна” зэрэг уриа барьсан байлаа.

Ч.Ариунболд

相关新闻