Шүүхийн шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын шүүхийн ажилтнуудын холбоо хамтран "Шүүхийн захиргааны ажилтны мэргэжил, ур чадварын улсын уралдаан"-ыг хоёр үе шаттай зохион байгуулж, энэ сарын 30-нд дүнгээ гаргасан юм.
Эхний шатанд улсын хэмжээний зургаан бүсэд шүүхийн захиргааны 601 ажилтан уралдаанд оролцсоноос 80 нь ур чадвараараа шалгарсан билээ.
Хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 29-30-ны өдрүүдэд нийслэл хотноо Шүүхийн сургалтын "Баяндөхөм” төвд болж, есөн ажлын байрны төрлөөр шилдгийн шилдгүүдийг тодрууллаа.
Шүүхийн захиргааны шилдгийн шилдэг ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, уралдааны комиссын гишүүд шагналыг нь гардуулав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан,
"Шүүхийн захиргааны 1270 орчим ажилтан бий. Та бүхэн 6 бүсээс шалгарч, хоёрдугаар шатанд оролцсон шилдэг ажилтнууд. Тиймээс та бүхнээрээ бахархаж байна. Тэмцээнд оролцсон бүх хүнд баяр хүргэе. Энэ уралдааныг цаашид улам бүр төгөлдөржүүлнэ. Жил бүр зохион байгуулагддаг, та бүхний хүлээдэг тэмцээн болно. Тэмцээний төрлийг нэмж, өргөн хүрээнд зохион байгуулах төлөвлөгөө бий. Цаашлаад үндэсний хэмжээний уралдаанаар зогсохгүй олон улсад өрсөлдөх зорилготой байгаа. Шүүхийн ажил мэргэжлийн ур чадварын уралдаанд оролцоно, байр эзэлнэ гэдэг нэр хүндийн асуудал. Уралдаанд амжилттай оролцсон нь та бүхний намтар, CV-д бичигдэнэ, насанд туршид сайхан дурсамж үлдээнэ. Зорилтоо биелүүлэхэд нэг алхам болно гэж итгэж байна. Тэмцээнд бэлтгэхдээ ур чадвараа ахиулсан нь гарцаагүй. Энэ тэмцээний эцсийн зорилго нь шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд оршиж байгаа. Та бүхний ур чадвар нэмэгдсэнээр шүүх улам бүр иргэдэд ойрхон, шуурхай үйлчилгээтэй, хүртээмжтэй болно. Иргэд хүссэн үйлчилгээгээ авдаг, шүүхдээ итгэдэг болох алсын эрхэм зорилготой. Тиймээс энэ тэмцээний эцсийн зорилго нь Монголын хөгжлийн төлөө нэг алхам урагшлах юм” гэлээ.
Шилдгүүдийг нэрлэвэл, Дотоод ажил, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний тэргүүнээр Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн Т.Ариунболд, дэдээр БГД, ХУД, СХД-ийн Ихгэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн П. Эрдэнэсувд, гуравт БГД, СБД, ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэлтсийн дарга Д.Өнөржаргал, Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн туслахаар БГД, ХУД, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Амар, дэдээр Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах О.Орхончимэг, гуравт Нийслэлийн Давж заалдах шүүхийн шүүгчийн туслах Х.Гантулга, Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн туслахын тэргүүнээр Дундговь дахь Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн туслах Ж.Чимэддулам, дэдээр Архангай аймаг дахь Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн туслах М.Бямбаахүү, гуравт БЗД, СБД, ЧД-ийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн туслах Э.Солонго, Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслахын тэргүүнээр ЗХДЗШ-ны шүүхийн шүүгчийн туслах Г.Урангуа, дэдээр ЗХДЗШ-ны шүүхийн шүүгчийн туслах Д.Одмаа, гуравт Орхон аймаг дахь Давж заалдах шүүхийн шүүгчийн туслах Д.Сэржмядаг, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын тэргүүнээр Орхон аймаг дахь шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин, дэдээр Нийслэлийн ДЗШШ-ийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П. Учралгэрэл, гуравт Нийслэлийн ДЗШШ-ийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Мэдээлэл технологийн мэргэжилтний тэргүүнээр Баян-Өлгий дэх Шүүхийн мэргэжилтэн Т.Рашат, дэдээр Сүхбаатар дахь шүүхийн мэргэжилтэн Б.Наранцэцэг, гуравт Өвөрхангай дахь шүүхийн мэргэжилтэн Ж.Даваахүү, нягтлан бодогчийн тэргүүнээр Дорноговийн Замын -Үүд дэх сум дундын шүүхийн нягтлан бодогч А.Одончимэг, дэдээр БЗД, СБД, ЧД-ийн шүүхийн нягтлан бодогч С.Эрдэнэ-Очир, гуравт Нийслэл дэх ХЗДЗШШ-ийн нягтлан бодогч С.Оюун-Эрдэнэ нар тус тус шалгарлаа гэж ШЕЗ-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ж.Батсайхан