Цагдаа нар зуслангийн чиглэлд явган болон морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд нийслэлийн Цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 930 гаруй алба хаагчид иргэд олноор цуглардаг газруудад эргүүл хийж байна.
Тухайлбал, Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Цэцэрлэгт хүрээлэн, Цэрэндоржийн гудамж, Туул голын эрэг, зуслангийн чиглэлд автомашин, явган болон морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Тэдгээр алба хаагчид нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, халаасны хулгай болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, бага насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баярын өдөр ажиллаж байгаа аж.
Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ үзүүлж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
Б.Туул