Ахлагч нар хүүхдүүдтэй эх оронч уулзалт хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБатлан хамгаалахын сайд "Зэвсэгт хүчний ахлагч нарын жил" зарласантай холбогдуулан ахлагч цолтнууд "Найрсаг Улаанбаатар" төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хог хаягдлыг цэвэрлэж, багачуудын түлэгдлийг эмчлэх тоног төхөөрөмж авах "1000 төгрөг" төсөлд нэгдэх зэрэг хүмүүнлэгийн олон ажилд оролцсоор байна.
Зэвсэгт хүчний ахлагч нар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх ”Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийн хүүхдүүдтэй уулзав. Баянзүрх дүүргийн Амгаланд байрлах тус төв нь 1991 онд төр, засгийн шийдвэрээр “Итгэл” төв нэртэйгээр байгуулагдан нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг халамжлан хүмүүжүүлдэг цогцолбор юм. Цогцолбор төвийн багачуудын 70 гаруй хувь нь өсвөр насныхан байдгаас тэдэнд цэрэг эх оронч хүмүүжлийг олгох, эх орныхоо төлөө зүтгэх хүсэл тэмүүлэлтэй болгох зорилготойгоор дээрх уулзалтыг хийжээ. Зэвсэгт хүчний 337, 353, 303, 065 дугаар ангийн тэргүүн ахлагч нар энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон эх оронч байхын учрыг хүүхдүүдэд тайлбарлан ярьсан байна.
Ж.Батсайхан