1022 СӨХ-ийн тулгамдсан асуудлыг сөхөн ярилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-19 14:34:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/ ХЗҮХ-д өнөөдөр “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачилгаар зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл  болон холбогдох байгууллагын ажилтнууд  оролцсон юм. Хэлэлцүүлгээр  сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн зохицуулалт хийх саналыг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлнэ.

Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 1022 сууц өмчлөгчдийн холбоод үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийн зүгээс СӨХ-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгдөггүй, шинэ баригдсан орон сууцны СӨХ ямар байдлаар байгуулагдсан эсэх нь тодорхой бус, үнэ тарифыг үндэслэлгүй тогтоодог, иргэдээс хураасан мөнгөн хуримтлалыг зориулалтын бус зүйлд зарцуулдаг гэх гомдлууд их ирдэг. Мөн иргэд, оршин суугчид  мэдлэг мэдээлэл дутмагаас төлбөрөө төлдөггүй, хурал цуглаанд идэвхтэй оролцдоггүй байна. Иймд СӨХ-дын хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхэд дээрх саналуудыг нэмэлтээр оруулахын тулд  өнөөдрийн  хэлэлцүүлгийг хийж байгааг М.Тулгат, Л.Нарантуяа нар онцоллоо. БЗД-ийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн төвийн СӨХ хариуцсан албаны ахлах мэргэжилтэн Д.Хосбаяр "СӨХ-ны эрх зүйн байдал нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчийн тухай хууль”-ийг 2006 онд УИХ-аар батлагдаж байсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байна. Энэ хууль цаг үеийн шаардлагаар өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон. Хуулийн хэлэлцүүлэгт СӨХ-ийн гүйцэтгэх захирлуудаас сайн санал авах хэрэгтэй. Учир нь тэд яг бодит байдал дээр нүүр тулан ажиллаж байгаа хүмүүс. Мөн барилгын тухай, иргэний тухай, газрын тухай, орон сууцны тухай гэх мэт олон хуулиудтай сайн уялдуулж өгөх шаардлагатай байна” гэв. Тэгвэл "Эрх билэг" сургалтын төвийн багшү Ч.Отгонбаяр "СӨХ-дыг чадавхжуулах шаардлагатай байна. СӨХ-ийн гүйцэтгэх захирлуудад голдуу нийгмийн идэвхтэй, хэл ам сайтай хүмүүс сайн дураараа сонгогдчихоод байдаг. Судалгаагаар 70 хувь нь тэтгэвэрт гарсан хүмүүс ажилладаг гэсэн тоо гарсан. Боловсролын хувьд харьцангуй гайгүй ч гэлээ олон нийттэй харилцах тал дээр учир дутагдалтай байдаг. Гэтэл олон хүний өмч хөрөнгийг хариуцдаг энэ чухал ажилд бичиг боловсруулах чадвартай, нягтлан бодохын анхан шатны мэдлэгтэй, олон байгууллагатай гэрээ байгуулж ажиллах чадвартай зэрэг шаардлагуудыг хангасан хүн байх ёстой. Ингэснээр СӨХ-ны талаар элдэв маргаан асуудал,  харьцангуй бага гарах юм. СӨХ иргэдээс авах төлбөрийг  бүх гишүүдийн хурлаар өөрсдөө шийдвэрлэж тогтоох нь зөв юм" гэсэн санал гаргав. Иргэдийг төлөөлж БГД-ийн СӨХ-дын Нэгдсэн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга Э.Батцэцэг хэлэхдээ "Хамгийн түрүүнд иргэд дундын өмчлөлийн гэрээ хийгээгүйгээс бол төлбөрөө төлдөггүй асуудал гардаг. Мөн гэрээ хийсэн ч зөрчдөг. Дараагийн нэг асуудал СӨХ-өө хүлээн зөвшөөрөөгүйгээс хуралдаа оролцдоггүй. Хийж буй ажлыг нь ойлгодоггүй. Гуравдугаар асуудалд орон сууц түрээслэгч нар маш их байна. Тэдгээр түрээслэгч иргэд амьдарч байсан байрныхаа СӨХ-ны төлбөр төлөхгүй гараад явцгаадаг гэх мэт хүндрэл бэрхшээлүүд тулгардаг” гэлээ. Энэчлэн олон хүний санал хуулийн нэмэлт хэлэлцүүлэгт нэмэр болох нь дамжиггүй. 

Ж.Батсайхан

相关新闻