"Хааны эрэлд 2018" олон улсын цэргийн сургуулилт маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-13 13:02:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын санаачлагаар 15 дахь жилдээ болж буй Энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилготой “Хааны эрэлд 2018” олон улсын сургуулилт энэ сарын 14-28-ны хооронд болно.
Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг энэ сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлж, 2006 оноос өргөжин олон улсын сургуулилт болсон юм. “Хааны эрэлд 2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилтад 26 орны 1400 орчим цэргийн албан хаагч оролцоно. Сургуулиар команд штабын сургууль, рот, салааны хээрийн сургууль, тусгай хүчний болон усны сургуулийг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Таван толгойд болох энэ удаагийн сургуулилтад Бутаны Вант улсаас цэргийн ажиглагч, Катар Улсаас салааны бүрэлдэхүүн анх удаа оролцож байгаагаар онцлогтой.Мөн АНУ, Авсрали, Беларусь, БНХАУ, БНСУ, БНЭУ, Итали, Франц, ХБНГУ, Япон, ОХУ, ИБУИНВУ, Канад, Индонез, Казахстан, Камбож, Катар гээд таван тивийг төлөөлсөн дайчид цугларан туршлага, дадлага хуваалцана гэж ЗХЖШ-аас мэдээллээ.  Сургуулилтын хүрээнд иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн ажиллагааг Сонгино Хайрхан дүүрэгт зохион байгуулж, олон улсын цэргийн эмч нарын хамтарсан баг тус дүүргийн 4, 7, 24 ,26 дугаар хорооны иргэдэд эрүүл мэндийн үзлэг, эмнэлгийн  тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Маргаашийн нээлтэд Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно.

Ж.Батсайхан

相关新闻