Таван толгойд "Хааны эрэлд" энхийг дэмжих хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр олон улсын туг далбаа намирч, орон орны Энхийг сахиулагч цэрэг эрсийн жагсаал болж буй нь Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургууль 16 дахь жилдээ ийнхүү хүндэтгэлтэйгээр эхэлж буй нь энэ аж. Тус сургуульд өнгөрсөн 15 жилд таван тивийн 50 гаруй орны 14 мянга орчим цэргийн алба хаагч оролцож энхийг дэмжих ажиллагааны арга туршлагыг эзэмшээд байгаа юм. Энэ удаагийн сургуульд Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, БНХАУ, БНСУ, ОХУ зэрэг 26 улсын 1400 орчим цэргийн алба хаагч оролцож байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улс, АНУ хоёр талын болон олон улсын хамтарсан сургуулиудыг зохион байгуулсаар ирлээ. “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг 2003 онд Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр эхлүүлсэн. 2006 оноос Олон улсын сургууль болгон өргөжүүлж өнөөдрийг хүртэл дэлхийн олон орны оролцохыг хүсдэг, том сургалт, дадлагын талбар болоод байна. Энэхүү "Хааны эрэлд 2018" энхийг дэмжих олон улсын хамтарсан сургуулийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож буй орнуудын Элчин сайд зэрэг албаны хүмүүс оролцов. “Хааны эрэлд”-2018 энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож буй 26 улсын бие бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилж, улс бүрийн төлөөлөгчидтэй гар барин мэндчилэв. Тэдэнд хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. Тэрбээр "Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс нь энх тайван, амар амгалан байдал бөгөөд түүхийн туршид амар амгаланг тогтоож байсан цагтаа хүний нийгэм үсрэнгүй дэвшилд хүрч байжээ. Олон зууны тэртээ монголчууд Евроазийг бараг бүхэлд нь хамарсан амар амгаланг тогтоон сахиулж, орчин үеийн ертөнцийн суурийг цутгаж явсан юм. Монголын амар амгалангийн жилүүдэд Евроазийг дамнасан худалдааны сүлжээ сэргэж, улс хоорондын өртөө, шуудан харилцаа тогтож, соёл мэдлэгийн солилцоо нэн эрчимтэй явагддаг байлаа. Чухам энэ үест худалдаа, банк, буухиа шуудангийн инновациуд дэлгэрч, өрнө дорнын технологи мэдлэгийн солилцоо өргөжиж, улс хоорондын харилцааг илүү шуурхай, илүү үр дүнтэй болгож байсныг эрдэмтэн судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Өнөө цагт дэлхий нийтийг хамарсан амар амгаланг тогтоох нь нэг үндэстэн, нэг улсын биш нийт хүн төрөлхтөн, улс орон бүрийн хүчин чармайлтыг шаардах үйлс юм. Тийм ч учраас Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг сахиулах үйлст бодитоор оролцож, энэ дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдгаа өнгөрсөн жилүүдэд хангалттай нотлон харуулсан. Мөргөлдөөн, зөрчилтэй бүс нутагт энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилт, тэвчээр, эр зориг, ур чадвар шаардсан хүнд ажил байдаг. Энэ бол энх тайвныг тогтоох, амар амгаланг сахиулах хүчтэй эрмэлзэл, албаны ухамсар, хариуцлагыг ихээр шаарддаг үйлс. Монголын энхийг сахиулагчид томилогдон үүрэг гүйцэтгэсэн газар бүртээ Монгол цэргийн чадвар, сахилга хариуцлагыг нотлон харуулж, эх орноо нүүр бардам төлөөлж ирсэнд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд би бахархал дүүрэн байдаг. Хааны эрэлд олон улсын сургуулилт нь анх явагдсан мөчөөсөө бодит цагийн байдалд хамгийн ихээр ойртуулсан нөхцөлд, сургалтын шинэлэг арга барилаар явагдаж ирсний хүчинд манай цэрэг дайчид хүнд нөхцөлд, үүрэг гүйцэтгэх өндөр чадавхитай болсон юм. Бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдлэг туршлагаа хуваалцаах боломжийг бүрдүүлдэг "Хааны эрэлд" сургуулилтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн АНУ болон цэргийн албан хаагчиддаа энэ сургуулилтад оролцуулсан бүх улс орнуудын удирдлагад Та бүхнээр дамжуулан талархал илэрхийлье. Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо цаашид ч тууштай баримталж, даян дэлхийн улсуудтай бүх талаар хамтран ажиллах, найрсаг харилцаа тогтооход бэлэн байдгийг илэрхийлье. Хааны эрэлд олон улсын сургуулилтад амжилт хүсье" гэв. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч болон БХЯ, ЗХЖШ, Монголд суугаа ЭСЯ-ны удирдлага, олон улсын төлөөлөл, албаны хүмүүст хүндэтгэл үзүүлэн Монгол Улсын хүндэт харуул, Зэвсэгт хүчний цэрэг, БНХАУ, Япон, БНСУ, АНУ тэргүүлсэн цэргийн жагсаал болов.
Жагсаалд оролцсон цэргүүдтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурсгалын зураг авахуулснаар албан ёсны арга хэмжээ өндөрлөв. "Хааны эрэлд 2018" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн Монгол талын удирдагч, бригадын генерал Л.Гансэлэмээс уг ажиллагааны талаар тодруулга авлаа.
Тэрбээр "Монгол Улсын зэвсэгт хүчин Энэтхэг -Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран анх 2003 оноос "Хааны эрэлд" хоёр талын сургууль хэлбэрээр эхлүүлсэн. 2006 онд олон улсын сургууль болгон өргөжүүлснээс хойш жил бүр уламжлал болсоор ийнхүү 16 дахь жилдээ болж байна. Яг одоо Таван толгой дахь сургуулийн ажиллагаанд 26 орны 1400 орчим цэргийн албан хаагч оролцохоор ирээд байна. Энэ жилийн хувьд Катар улсын цэргийн салаа анх удаа оролцохоор ирсэн нь онцлог. Мөн Бутаны вант улс анх удаа ажиглагчаар оролцлоо. Манай улсын хувьд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх 8 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны 5 салаа оролцож байгаа нь бас онцлогтой. Бид өмнөх жилийн сургалтын хөтөлбөрийн адил команд штабын сургууль, ротын хамтарсан сургууль, салаадын тактикийн хээрийн сургууль, чадавхийг нэмэгдүүлэх сургалт, эмнэлэг-хүмүүнлэгийн үйл ажиллагаа гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэнэ. Эмнэлэг хүмүүнлэгийн ажиллагаагаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн материаллаг баазыг түшиглэн зорилтот бүлгийн 1500 гаруй иргэнд олон улсын цэргийн хамтарсан баг эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, анхан шатны тусламж үзүүлнэ. Энэ бол иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ач холбогдолтой ажил юм" гэв.
АНУ-ын талын удирдагч, хурандаа Мондэлл нь манай улсад 3 дахь удаагаа ирж байгаа, хэзээнээс монгол орон, монголчуудын тухай сайн мэддэг. Хурандаа Мондэлл 2003 оны анхны цэргийн хамтарсан сургуульд ирж байсан бөгөөд энэ жилийн сургуулилтад АНУ-ын 200 гаруй албан хаагчийн хамт ирж, 26 орны цэргийнхэнд туршлагаасаа зааж сургах юм. Тэр "Монгол нутагт хөл тавиут л дотно сайхан сэтгэгдэл төрдөг. Цаг агаарын хувьд миний амьдардаг Аляска мужийн цаг агаар, уур амьсгалтай ижил учраас тийм таатай байдаг байх.
"Хааны эрэлд" сургуулилт бол орон орны цэргийн албан хаагчид хамтран ажиллаж, харилцан дадлага туршлагаа солилцон, бие биеэсээ суралцах хамгийн том боломжийг бий болгодог. Жил бүр энэ сургуульд оролцох улс орны тоо нэмэгдэж, цар хүрээ нь улам өргөжин тэлж байгааг бид бэлхнээ харж байна. Энэхүү үзүүлэлт бол тус сургуулийн үнэ цэнэ, нэр хүнд, ач холбогдлыг илэрхийлж буйн хэрэг. Бид ирээдүйд юу болохыг мэдэхгүй, тийм болохоор аливаа сургалт, дадлагуудад холбоотнуудтайгаа хамтран идэвхтэй оролцож, НҮБ-ын хамтын ажиллагаанд бэлэн байх ёстой гэж ойлгож байна" гэв. Таван толгой дахь Олон улсын сургууль явуулах газрын тохижилт, бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн Цэргийн хангалт үйлчилгээний тасгийн бие бүрэлдэхүүн гардан бэлтгэж бүх зүйлсийг ян тан бэлтгэжээ. Энэ жилийн хувьд хээрийн байрлалын гал тогооны байрыг шинээр барьж байгуулсан бөгөөд уламжлалт ёсоороо үдийн хоолны цаг таарсан тул нэгдсэн зоогийн том танхимд 1500 цэргийн албан хаагчийг цагийн зуурт гялалзтал хооллож, завсарт нь сэтгүүлчдэд хоолныхоо амт чанарыг ч амсуулаад амжлаа. Цэргийн албан хаагчдын бие бүрэлдэхүүний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх мини театр, билльярдын өрөөг өргөтгөжээ. Цэргүүд чөлөөт цагаараа ОХУ-д болох дэлхийн хөл бөмбөгийн тоглолтыг ч нарийн хуваарьтай үзэх боломжтой. Гэвч цэргийн хээрийн сургуульд ирсэн болохоос хөл бөмбөг үзэх гэж ирээгүй гэсэн зарчимч үгийг цэргийн дарга нарын амнаас сонсов. Энэ бол цэрэг хүний л үг. Сургуулилтын үеэр өдөр бүр гарах "Энхийн элч" хээрийн сонины анхны дугаар хэвлэгдэн орон орны цэргийн гар дээр очсон байгаа нь суртал сурталчилгааг шуурхай хийж эхэлж буйн шинж. Маргааш оройноос хуваарын дагуу Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолтыг энхийг сахиулагчдад сонирхуулна. Долоо хоног бүрийн өдрийн сургуулилтын дараа БНХАУ, БНСУ, Непал улс, АНУ, Катар улс, Япон улс гэхчлэн орон орны цэргийн соёлын өдөр болно. За тэгээд монгол дууны караоке, олс таталт, гар тулааны үзүүлэх тоглолт, дико үдэшлэг, хөгжөөнт тоглоомууд гээд олон арга хэмжээний хөтөлбөр гарсан байна лээ. Дэлхийн энхийг сахиулагчид ийнхүү монгол орны байгаль, хөгжил цэцэглэлт, түүх, соёл, өв уламжлалт ёс заншилтай танилцах юм байна.
Ж.Батсайхан