"Чадварлаг албан хаагч"-аар зохицуулагч, дэд ахлагч Г.Жавхлан шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗЦА-наас алба хаагчдынхаа ажил албанд хандах хандлага, шинэ санал, санаачлагыг нэмэгдүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор сар бүр “Чадварлаг алба хаагч” шалгаруулж, урамшуулж байна. 6 дугаар сард хамт олноо хошуучлан “Чадварлаг алба хаагч”-аар Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Г.Жавхлан шалгарч, өнөөдөр “Батламж”-аа гардан авлаа.
Тэрбээр “Би цагдаагийн байгууллагад 7 дахь жилдээ тэр дундаа тус албанд 3 дахь жилдээ ажиллаж байна. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэлийн тэмцээнд “Замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, хяналт шалгалтыг зохион байгуулахад анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьсан. Тухайн үед танилцуулж, дэмжигдсэн зарим ажил, арга хэмжээг Чингэлтэй дүүрэгт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь энэ сарын "Чадварлаг алба хаагч"-аар шалгарахад нөлөөлсөн. Түүнчлэн тэмцээнд оролцож буй алба хаагчдын үр дүнг 7 үзүүлэлтээр дүгнэж шалгаруулдаг. Тухайлбал: ёс зүй, сахилга хариуцлага, шинэ санал санаачлага, албаны техник хэрэгсэл ашиглалт, гадаад үзэмж, хувцаслалт, биеэ авч явах байдал гэх мэт. Алба хаагчдынхаа ажил хөдөлмөр, хичээл зүтгэл, санал санаачлагыг дэмжин шагнаж, урамшуулж байгаа нь ажил хийх идэвхи зүтгэл, бусдыгаа үлгэрлэн хошуучилж ажиллах урам зориг өгч байна. Намайг дэмжин хамтран ажилласан гэр бүлийнхэн болон хамт олондоо талархал илэрхийлье" гэв.
Ж.Батсайхан