"Хятад орныг танин мэдэх" соёл, аялал жуулчлалын өдрүүд эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-05 13:12:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятад орныг танин мэдэх” соёл, аялал жуулчлалын өдрүүдийн албан ёсны нээлт өнөөдөр Монголын уран зургийн галерейд боллоо.

Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО-ы найрамдалт харилцаа, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ энэ сарын 08 хүртэл үргэлжлэх юм. Энэ хүрээнд “Хятадын кино өдрүүд”, “Найрамдлын солонго”, “Найрамдлын хотын дуулал” тоглолт, Монгол, БНХАУ-ын залуучуудын сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зэрэг 16 томоохон арга хэмжээ болно.
Нээлтийн үеэр Хятадын коммунист намын ӨМӨЗО-ы байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юиган, “Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Ойгоо угтан Монгол улсын иргэдэд ӨМӨЗО-ы ахуй амьдрал, соёлын онцлогийг таниулах арга хэмжээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь Хятадын “Нэг бүс Нэг зам”, Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн хоёр орны иргэдийн найрамдалт харилцаа, соёл, хүмүүнлэгийн солилцоо улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна” хэмээв.



Монгол, БНХАУ олон зуун жилийн найрамдалт харилцааны түүхтэй мөнхийн хөрш орон юм. Энэхүү уламжлалт харилцааг XXI зуунд шинэ агуулга, хэлбэрээ баяжуулж байгаа бөгөөд үүний тод жишээ нь өнөөдөр эхэлж буй ӨМӨЗО-ы соёл, аялал жуулчлалын өдрүүд гэдгийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа онцоллоо. Мөн тэрбээр, “Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллгааны түүхэнд шинэ хуудас нээлээ. Ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд ӨМӨЗО-ы Хөх хотод “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа” гэлээ.

БНХАУ-ын удирдлагууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгааг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин дурьдаад, “БНХАУ нь алс холын улс орнуудтай эв найрамдалтай, нөхөрсөг хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байгаа. Тиймээс хил залгаа Монгол Улстай үүнээс дотноор хамтран, ирээдүйгээ цогцлоох боломж бий. Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд манай улсаас 300 гаруй төлөөлөгч ирсэн. Энэ арга хэмжээ үр өгөөжөө өгч, хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа иргэд хоорондын найрамдалт харилцаа улам бүр хөгжинө гэдэгт итгэж байна” гэв.



Нээлтийн үеэр ӨМӨЗО-ы байгалийн сайхныг харуулсан гэрэл зургийн болон соёлын биет бус өв, технологийн дэвшил, инноваци шингээсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг нээлээ. Уг үзэсгэлэн энэ сарын 08-ныг дуустал үргэлжлэх юм.



Түүнчлэн Монголын уран зургийн галерейд ӨМӨЗО-ы уламжлалт болон бариа заслын тэргүүлэх зэргийн 5 эмч иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна. Эдгээр эмч нар маргааш буюу энэ сарын 06-нд Чингис зочид буудалд олон нийтэд зориулсан лекц уншихаас гадна 07-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллах юм.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻