Орхон аймагт сүүлийн гурван жилийн хугацаанд 14 км авто зам ашиглалтад оров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН“Монгол хүн 2020” Орхон аймгийн чуулга уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга сүүлийн гурван жилд хийсэн бүтээн байгуулалтын ажлаас цухас дурдлаа. Үүнд 2012-2015 онд 9 цэцэрлэг ашиглалтад орж 14 км зам шинээр тавьжээ.
Мөн 24 цагийн турш ажиллах “ухаалаг” 10 худаг ажиллуулах эхний алхам хийсэн байна. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Гэр хорооллын айл өрхөд дулаан алдагдлыг 45 хувиар багасгах G-Saver дулаан баригч төхөөрөмжийг 5000 өрхөд өгчээ. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг болох ажээ. Энэ төслийг УИХ-ын гишүүн М.Батчимэг санаачилж “Гүүд нейборс” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд Орхон аймагт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөсөн бөгөөд үүнээс хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөл хамгийн чухалд нь тооцогдож байна.
Мөн 2013-2015 онд 5000 айлын 67 орон сууц барьжээ. “Монгол хүн 2020” чуулга уулзалтыг Ардчилсан намаас зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын хөгжлийн зорилтыг 2020 он хүртэл тодорхойлох зорилготой юм.
Б.Оюун-Эрдэнэ