Хөххоттой харилцаагаа өргөжүүлэхээр гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-29 21:05:37

Сэлэнгэ аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хоттой байгуулсан найрамдалт харилцаа, хамтын ажиллагааныхаа хүрээнд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа Хөх хотод ажлын айлчлал хийгээд ирлээ.

Тэрээр Хөх хоттой байгуулсан хамтын ажиллагааныхаа 2015 оны үйл ажиллагааг дүгнэж, цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ирэх 2016 онд урд хөршийн Хөх хоттой урд өмнө хийж, хэрэгжүүлж байсан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахын зэрэгцээ боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, багш нар, боловсролын салбарын төлөөлөгчид, хүүхдүүдийг харилцан солилцох, түүнчлэн газар тариалан, мал аж ахуй, эрүүл мэнд, биеийн тамир спорт, хот төлөвлөлт, ногоон байгууламж зэрэг салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж бусад салбарын хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэх, мөн "Торгоны зам" эдийн засгийн хамтын ажиллагаа болон тал нутгийн хамтын ажиллагааны хүрээнд худалдаа, эдийн засаг, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, Харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, мэдээлэл солилцон, албан байгууллага, үйлдвэрлэл эрхлэгчдийг үзэсгэлэн худалдаа, үндэсний болон уламжлалт баяр ёслолын үйл ажиллагаанд харилцан урьж оролцуулах, хамтын ажиллагааны шинэ арга замыг нээх зэрэг үйл ажиллагаануудад хамтарч ажиллахаар тохиолцон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил урд хөрштэйгээ байгуулсан хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд олон чухал үйл ажиллагаануудыг хамтран хийж хэрэгжүүлсэн юм.

Тухайлбал эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, Хөх хотын уламжлалт эмнэлгийн эмч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж, аймгийн НЭ-ийн Уламжлалт тасагт 14 хоног ажиллаж, эмч, сувилагч нарыг дагалдуулан ажилласан. Мөн АДБ-ийн “сэлэнгийн долгио” чуулгын дуучид уран бүтээлээ толилуулсан, сурагчдыг аялуулсан гээд нэлээд хэдэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news