Шинэ оноос боловсролын салбарыг эрс шинэчилнэ гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
orkhon@montsame.mn
2015-12-31 10:36:30
oyuka_hu@yahoo.com

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан аймгийнхаа иргэдэд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, хуучин оны гол ололт амжилт, шинэ онд тавигдах зорилтыг товч дурдлаа.

2015 онд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт наян хоёр хувьд хүрч, мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, соёл гэгээрлийн нийт салбарт ахиц гарсан байна. Арван нэгдүгээр сард хэд хэдэн удаа цас орж, аймгийн нийт нутгийн наян хувь нь цасаар хучигдан өвөлжилт хүндэрч эхэлсэн ч арван хоёрдугаар сард цас арилж, Сагсай сумын Даян, Улаанхус сумын Ойгор, Цэнгэл сумын бүх нутгаас бусад газарт мал гайгүй сайн өвөлжиж байна. Гэхдээ нэг, хоёр, гуравдугаар сард олон жилийн дунджаас хур тунадас илүү бууж, хүйтний эрч чангарах магадлалтай. Өвлийн бэлтгэл сайн хийгдсэн, өвс тэжээлийн боломжийн нөөц бий, аюулгүйн нөөцнөөс малчдад үнэ хямдруулан өгч байгаа. Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө тус аймагт 4,8 тэрбум төгрөг олгогдохоор болж түүнийг хэрхэн зарцуулах талаар сумдад тодорхой чиглэл өгөгдсөн. Орон тоо цомтгох, цалинг багасгах замаар бус тансаг хэрэглээ, бичиг хэргийн зардлыг багасгах зэргээр төсвийг хэмнэлттэй зарцуулах, цахим дансыг бүрэн хэрэгжүүлж, ил тод, нээлттэй байлгахыг сум, албан байгууллагуудаас шаардаж байна. Хөгжлийн сан болон төсвийн зарцуулалтанд тавигдах хяналтыг хүчтэй болгоно. Шинэ оноос боловсролын салбарыг эрс шинэчлэн, цөм хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Аймгийн нэгдсэн эмнэлэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Түүнийгээ эзэмших ажилд анхаарал хандуулна. Сумдын эмнэлгүүдийг тоноглон, тэд шинжилгээг орон нутагтаа хийх боломж бүрдүүлнэ. Тус аймагт гэмт хэргийн гаралт мэдэгдэхүйц буурсан ч хүний эрүүл мэндийн эсрэг болон мал хулгайлдаг хэрэг нэмэгдэх хандлагатай болсон. Шинэ онд эхний ээлжинд энэ асуудлыг шийдвэрлэх алхам хийх болно гэж хурлын дарга ярилаа.            

         Ш.Айзаря

Related news