Г.Уянга: "Шударга ёс" эвсэл шударга ажиллаж чадахгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-01 17:50:42

УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарч Засгийн газрыг унагахаар төлөвлөж байна гэх мэдээлэл цацагдаад буй. Хуулиараа УИХ дахь нам, эвслийн бүлэг нь 8-аас дээш гишүүнтэй байх ёстой. Хэрвээ тэд бүлгээсээ гарвал гишүүдийнх нь тоо бүлгийг төлөөлөх чадамжгүй болж, Засгийн газар унах эрсдэл үүсч байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянгаас тодрууллаа.

-Сонгуулийн тухай хууль баталлаа. Ирэх сонгуульд хэрхэн оролцох гэж байна вэ. Таныг шинэ нам байгуулахаар Дээд шүүхэд хандсан ч бүртгээгүй гэх яриа байна?

-Энэ талаар хэлэх цаг хугацаа арай болоогүй байна. Ер нь хоёр ч нам бүртгүүлэх гэж оролдоод бүртгэсэнгүй. Нэг нь Бие даасан нам, нөгөө нь Нэгдмэл Монгол намыг бүртгүүлэх гээд Дээд шүүхэд хандсан ч бүртгээгүй. Шалтгааныг нь тайлбарлахдаа "Дээрээс битгий бүртгэ" гэсэн тайлбар өгдөг. Нөхцөл байдал ийм дээрээ хүрсэн учир яах вэ гэдгийг бодож байна. Миний хувьд ирэх сонгуульд нэр дэвшинэ. Хамгийн сүүлчийн хувилбар бол бие даах юм. Гэхдээ үүний өмнө олон сонголт байна. Эхний ээлжинд “Шударга ёс” эвсэл ирэх сонгуульд энэ хэвээр оролцох эсэх нь тодорхой болох ёстой. Үүний дараа сонголтоо хийх бололцоо бүрдэж таарна. Гуравдагч хүчин байгуулах уу, “Шударга ёс” эвслээсээ нэр дэвших үү, бие даах уу гэх хувилбаруудаас сонголтоо хийнэ.  

-УИХ-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү нарын хамтаар таныг бүлгээсээ гарч, эвслийн бүлгээ задлах нь гэх мэдээлэл цацагдаж байгаа. Энэ ярианд ямар тайлбар хийх вэ?

-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нь анх дэвшүүлж гарч ирсэн зарчмын байр суурин дээрээ байж чадахгүй байна. Тухайлбал, Оюутолгойн ашгийн 51 хувийг монголчуудад хүртээх амлалт өгч УИХ-д сонгогдчихоод, тэр ашгийг нь 2037 он хүртэл хойшлуулж, хэзээ авах нь мэдэгдэхгүй байхад  “Шударга ёс” эвсэл Засгийн газрыг сая хамгаалж үлдлээ.

“Шударга ёс” эвсэл шударга ажиллаж чадахгүй байна. Томилогдсон сайдууд элдэв асуудалд орооцолдож нийгэмд шуугиан үүсгэж байна. Эвслийн дарга өөрөө Шадар сайдаар барьцаалж зарчмын асуудлуудаа хөсөр хаяж байгаад сэтгэл дундуур байна. Бид гурав юу, юугүй эвслийг задалья гэдэг шийдвэр гаргаагүй. Гэхдээ 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө бамбай болгож байсан асуудлаа хамгаалахгүй байхад яах ёстой вэ гэдгийг бид гурав эргэж ярих шаардлага бол байгаа. Ямар ч тохиолдолд хаяж гарна гэдэг хамгийн хялбар сонголт байдаг. Уг нь бүлэгтэй байна гэдэг өөрөө хүчтэй субьект. Бүлгийг зөв чигт залах хэрэгтэй. Ийм үйл ажиллагаа явуулахгүй байна. Миний хувьд хамгийн амархан сонголтоос сонголтоо хийхгүй. Их арга ядсан нөхцөлд л хийх сонголт байж мэдэх юм.

-Н.Батцэрэг гишүүн сайдаар томилогдсоноос хойш  олон сар өнгөрлөө. Энэ хугацаанд бүлгийн даргаа солих асуудал бүлэг дээр яригдсан уу?

-Н.Батцэрэг сайд бүлгийн даргаа өгөх байр суурин дээр байгаа. Энэ тохиолдолд намуудын дарга нар, бүлэг хоорондоо л ярих асуудал. Аль нам нь бүлгийн даргаа авах вэ гэсэн асуудал үүсдэг юм билээ. МҮАН-ын зүгээс нэгэнтээ Н.Батцэрэг дарга бүлгийн дарга байсан МҮАН авах ёстой гэдэг, МАХН-ын дарга “Манай нам авах ёстой” гэдэг. Аль нам нь авах вэ гэдэг жижиг зовлон бий. Тэгж байгаад шийдэгдэх байх аа.

Б.Туул

Related news