Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 17:48:53

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2015 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 32 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 68 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон иргэдийн 68 хувь нь 25-40 насны эмэгтэйчүүд, 22 хувь нь хүүхэд байгаа бол хүчирхийлэл үйлдэгчдийн 68 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна.

Хүчирхийллийн хэлбэрээр нь авч үзвэл: хохирогчдын 85 хувь нь сэтгэл санааны, бие махбодийн хүчирхийлэлд өртжээ. Мөн хүчирхийллийн 81 хувь нь гэр орондоо үйлдэгдсэн байна.

Эдгээр тоо баримтанд үндэслэн аймгийн Цагдаагийн газраас “Бүтэн хайрыг гэр бүлдээ” уриан дор “Бидний амьдрах гэрэлт ирээдүй” хоёр сарын аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлийг бууруулахад салбаруудын оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг 2 сарын 18-ны өдөр зохион байгуулах ба гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллийн нэгдсэн бүртгэл хөтөлж, хохирогчид учрах эрсдлийн түвшинг холбогдох байгууллага, алба хаагч нар үнэлж хэвших, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй болон хүчирхийлэлд өртдөг хүүхэд, эмэгтэйчүүдийн судалгааг судалгааны багийн тусламжтайгаар гаргах ажлыг хийнэ.

Мөн судалгаанд үндэслэн баг бүрт 1 өрхөд тохиолдох хүчирхийллийг арилгах, таслан зогсоох төлөвлөгөө гарган ажиллах ба хүчирхийлэлд өртсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаархэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэдэд мэдээлэл, сурталчилгааг хүргэх юм.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news