Цагаан сараар хүйтний эрч чангарна
МОНГОЛЫН МЭДЭЭЦагаан сарын шинийн хоёрныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч эрс сулрах боловч шинийн 3-наас тэнгэр муудна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа.
Энэ сарын 10-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн ихэнх нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд баруун болон төвийн нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Завхан голын эхээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 11-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.