Шинэ ургацын хүнсний ногоог долоон байршилд худалдаалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-12 14:40:54

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг энэ жил нийслэлийн 21 байршилд зохион байгуулахаас өнөөдрийн байдлаар долоон байршилд үзэсгэлэн худалдаа болж байна.


Шинэ ногооны үзэсгэлэн худалдааны нэг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Барилгачдын талбайд газар тариалан эрхлэгч, зөгийн аж ахуй эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчид төмс, байцаа, лууван, манжин, сонгино гээд өргөн хэрэглээний хүнсний ногооноос гадна олон төрлийн нарийн ногоо, даршилсан ногоо, зөгийн балыг зах зээлийн үнээс хямд үнээр борлуулж байгаа юм.


“Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаанд өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан, Төв, Булган, Ховд, Өмнөговь аймгийн болон Улаанбаатар хотын 60 гаруй иргэн, тариаланч оролцож байна. Өргөтгөсөн худалдаанд оролцож байгаа тариаланчид холбогдох журамд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлж, ариун цэврийн үзлэг шинжилгээнд хамрагдаж, бүх ногоогоо шинжилгээнд хамруулж, химийн бордоогүй гэдгийг нь нотолж, үзэсгэлэндээ оролцох эрхээ авдаг байна.


Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд намрын шинэ ногооны үзэсгэлэн худалдааг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл зохион байгуулна.

 “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаа болж буй газрын байршил

  • БГД, 1 дүгээр хороо, “Сэлэнгэ” худалдааны төвийн баруун талд
  • БЗД, 4 дүгээр хороо, Жуковын талбай
  • СБД, 6 дугаар хороо, “Өлзий” төвийн эсрэг талын хүнсний ногооны контейнер
  • СБД, 16 дугаар хороо, Хорооны байрны дэргэд хүнсний ногооны контейнер
  • ЧД, 2 дугаар хороо, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай
  • ЧД, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, Барилгачдын талбай
  • БЗД, 1 дүгээр хороо, “Сансар” үйлчилгээний төвийн гадна талбай /Одоогоор уг худалдааны төвийн тохижилтын ажил дуусаагүй тул “Хүрмэн” эмийн сангийн хойно түр байрлаж байна/

Чингэлтэй дүүргийн газар тариалан эрхлэгч иргэд оролцож байгаа байршилд Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-Уул, Хөвсгөл аймгаас иргэд, тариаланчид байна.





 

 

Related news