Ж.Нарантуяа: Монгол ширмэлийг оёх, зээглэх арга ухааныг уламжлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 19:56:08

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн  гар урчууд” ХХК-ны захирал Ж.Нарантуяа нөхөр Д.Нэргүй нар гэр бүлээрээ санаачлан Чингис хааныхаа амьдрал ахуй тухайн үеийн монгол түмний аж амьдрал ёс заншил, монгол зураг, монгол  үндэсний хээ угалзыг хослуулан оруулж, эртний нэн чухал дурсгал болох буган чулуу, хадны сүг зураг зэрэг олон түүх агуулсан өндөр нь 1,8м метр, урт нь 100 метр эсгий ширмэл аравчыг урлаж байна. Энэ талаар нь “Хан Хэнтийн  гар урчууд” ХХК-ны захирал Ж.Нарантуяатай цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө баяр хүргье. Анх эсгий аравч урлах санаа хэрхэн төрж байв? Бүтээлээ хэзээнээс оёж эхэлсэн бэ?

-Баярлалаа. Манай нөхөр Д.Нэргүй монголын нууц товчооныхоо түүхэн үйл явдлаар ямар нэгэн бүтээл хийе гэж санаачлан хийж эхэлж байлаа. Тухайн үед бид хоёр ямар бүтээл хийхээ ярилцахдаа өөрсдийнхөө хийж чадах зүйлээсээ эхэлье гэж шийдсэн. Ингээд нөхөр нууц товчоогоо уншиж судалж, эхний ээлжинд 20м хар зураг болгон буулгаж, үүний дараагаар юун дээр бүтээлээ урлахаа ярилцаж байгаад эсгийг сонгож аравч хийхээр шийдсэн. Ингээд 2015 оны 12-р сарын 13-нд Эрдэнэт хотын “Хан Хэнтийн тоонот” ТББ буюу Хэнтий нутгийн зөвлөлийн дарга Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу даргад хандаж, хандиваар 2 сая төгрөг өгч анхны материалаа худалдан авч ажлын гараагаа эхэлж байсан.

-Маш богинохон хугацаанд бүтээлээ босгож иржээ. Бүтээлийнхээ хар зургийг хэр хугацаатай зурсан бэ. Одоогоор эсгий аравч урлах ажлын явц хэдэн хувьтай байна?

-Бүтээлийн зургийн ажил 14 хоногийн хугацаатай хийгдэж, 20 метр хар зургаа зурсан. Одоогоор 10 метр эсгий аравчны зургийг зурж, оёдлоо хийж дуусч байна. Ажлын явц 10 хувьтай л байна. Учир нь үлдсэн 90 метр эсгий аравчыг хийхэд санхүү хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа.

-Энэхүү аравчинд ямар хатгалт болон хичнээн төрлийн утас, будаг орсон бэ? Зээгт оёдол болон ширмэл оёдлын ялгаа юу вэ?

-Хоёр төрлийн хоёр хар утас орсон. Нэг нь утсаар зээглэж оёх буюу зээгт оёдол, нөгөө нь зээгээр дарж оёдог оёдол орсон. Мөн ширмэл ширдэгээ тэмээний утсаар оёж байна. Үндсэн 6 төрлийн суурь будгийг үндэслэн 12 өнгийн будаг гаргаж будаж байгаа. Зээгт оёдол бол хар утсаар амьтны болон хүний дүрсийг төвийлгөн гаргаж оёдог бол харин цааш нааш хатгаж оёсон уул, ус, үүл нь ширмэл оёдол юм. Зээгт оёдлын хамгийн хэцүү нь утас дарахад цаг хугацаа маш их шаарддаг. Тэр дундаа хүний дүрс болон морины толгой гаргах нь нэлээд хэцүү байдаг. Харин ширмэл оёдол бол маш амархан.Хамгийн гол нь хатгалтаа зөв дарж оёх хэрэгтэй.

-Одоогоор бүтээгдээд байгаа 10 метр эсгий аравчыг хичнээн оёдолчин хэдэн өдөр оёсон бэ. Хичнээн төгрөгөөр бүтэж байна. Эсгийгээ хаанаас авдаг вэ?

-Эрдэнэт хивсний үйлдвэрийн эсгийгээр оёж байгаа. Эсгийгээ 5 , 5 метрээр зүйж, нийлүүлж оёж байгаа учир одоогоор 10 метр эсгий аравчийг 4 оёдолчин оёж дуусгаад байна. Тиймээс 5м эсгийн дээрээ зургаа зурахдаа 2 цаг зарцуулдаг. Одоогоор 10 мерт эсгий аравчинд 5 сая орчим төгрөгийн санхүүжилт орсон байна. Тухайлбал 1 метр эсгийг 29500 төгрөг, нэг ширхэг утас 6000 төгрөгөөр худалдан авч оёж байгаа.

-Тэгвэл 100 метр эсгий аравчыг хэдий хугацаатай оёж дуусгах вэ? Үүнд хичнээн төгрөгийн төсөв  орохоор төлөвлөсөн бэ?

-Нэг эсгийг 5 оёдолчин оёно гэсэн зорилготойгоор 15 оёдолчинтой 6 сарын 1-ний дотор хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.  1 сард 6 эсгий гарах төлөвлөгөөтэйгээр оёно. 100 метр эсгий аравчинд 52 сая төгрөгийн төсөв хөрөнгөөр бүтээхээр төлөвлөсөн.

-Таныг монгол үндэсний хувцас оёдог гэж сонссон. Харин эсгий оёдлыг хэзээ сурч байв. Анх юу оёж байсан бэ?

-Тиймээ. Би одоо ихэвчлэн монгол үндэсний хувцас оёдог. Хааяа эсгийгээр ширдэг оёно. Анх эсгий урлалыг ээжээсээ сурч байлаа. Би  16 настайдаа эсгий урлалаар ширмэл ширдэг оёж байсан. Энэ л сурсан зүйлээ одоо үргэлжлүүлэхээр  явж байгаа нь энэ.

- Оёдолчин хүн бүрт аливаа зүйлийг урлахад хамгийн чухал нь  сэтгэл, сэтгэлгээ заавал байх ёстой зан чанар болов уу. Тэгвэл эсгийн аравч оёход хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ?

-Мэдээж оёдолчин хүн гарын их ур дүйтэй байхаас гадна сэтгэл маш чухал. Учир нь сэтгэлээс улбаалж хийсэн бүхэн чин сэтгэлийнх болдогтой адил хүн бүр хийж байгаа зүйлээ нямбай хийх хэрэгтэй тэгвэл хийж буй бүтээл сайхан болдог гэж би боддог Түүнтэй адил эсгий аравч оёход оёдлынхоо хатгалтаа зөв хатгавал гоё болдог. Хамгийн чухал хатгалт, утас дарж оёх байдаг.

-Одоо байрлаж байгаа ажлын байраа сарын хэдэн төгрөгөөр түрээслэж байна. Яг одоогоор тулгарч байгаа асуудлууд юу байна вэ?

-Бид аймгийнхаа төвөөс гурав оёдолчин авч дадлагаар гурав хоног дагалдуулан ажиллуулсан. Эргээд сургасан ажилчидаа авч ажиллуулахад ажлын байрны хүрэлцээ болон цалин, хоол унд зэрэг асуудлууд гарч байгаа.  Учир нь одоогоор хөрөнгө төсөв бүрдээгүй учир ажилчдын цалин, ажлын байрны түрээс, хоол ундны мөнгө нэн түрүүнд шаардлагатай  болоод байна. Бидний хувьд энэ ажлын байраа сарын 500 мянган төгрөг түрээслээд эсгийгээ оёж байна. Тиймээс бид хамгийн түрүүнд Аймгийн засаг даргын тамгийн газартай хамтран Мянган төгрөг Мянган урам гэсэн уриалга гаргаж хэрэгжүүлж эхлээд байна.

-Маш их хичээл зүтгэлээр бүтэж байгаа том бүтээл бий болж байна. Цаашдын зорилго юу вэ?

-Бидний зорилго бол энэ бүтээлээрээдамжуулан Хэнтий нутагаа аялал жуучлалын томоохон хот болгохын зэрэгцээ Гиннес-т бүртгүүлж, улмаар монгол ширмэлийг оёх, зээглэх арга ухааныг уламжлуулан, нийтийн хүртээл болгохыг зорьж байгаа юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news