ХЭНТИЙ: Өвөлжилт хүндэрсэн долоон сумын айл өрхөд 100 сая гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЧингис, 2024 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Онцгой комиссын гуравдугаар хурал энэ сарын 18-нд болж, хоёр асуудал хэлэлцлээ.
Өнгөрсөн хугацаанд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Дорнод аймгийн Мэнэнгийн талаас 25 мянган боодол өвс татаж малчдад хөнгөлөлттэй үнээр олгох, улсын Онцгой комиссоос олгосон 175 тн хивгийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох, зарим суманд машин техникийн дэмжлэг үзүүлэх, зам даваа гүвээ нээх зэрэг ажлыг зохион байгуулсан бол энэ удаад Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран өвөлжилт хүндэрсэн долоон сумын айл өрхөд 100 сая гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Аймгийн хэмжээнд 17 сумын нутаг дэвсгэрт тэмээ 33, адуу 8419, үхэр 9660, хонь 57445, ямаа 46411 нийт 121968 толгой мал хорогдсон нь нийт малын 2,7 хувийг эзэлж байна. Малын хорогдол Дархан, Галшар, Баянмөнх, Бор-Өндөр, Мөрөн суманд хамгийн их буюу 1,3-18 хувийг эзэлж байгаа юм.
Түүнчлэн Улсын онцгой комисст туулах чадвар сайтай автомашин, 92,9 мянган боодол өвс, 46,4 мянган шуудай тэжээлийн дэмжлэг хүссэн албан бичгийг тус тус хүргүүлээд байна.
Галшар, Баянмөнх сум төмөр зудтай байгаа бол Дархан сум төмөр зуд болох нөхцөл бүрдсэн талаар мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.
Мөн малчдад туслах сайн дурын аяныг зохион байгуулж, төрийн байгууллага иргэдийг уриалах ажлыг идэвхжүүлэхээр боллоо.