Алтайгаас алтан хурга, алтан ботгоны эзэд төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 21:42:55

Говь-Алтай аймгийн малчид өнгөрсөн онд 945.6  мянган төл бойжуулж мал сүргээ таван төрөл дээр нь өсгөсөн байна. Аймгийн  дүнгээр оны эхний төллөх насны 100 эхээс ишиг 90, хурга 94, тугал 85, унага 83, ээлжийн ингэнээс ботго 51-ийг тус тус бойжуулжээ.

Тэдний дотроос Дэлгэр сумын малчин Д.Эрдэнэбат 600 эм хониноос 670 хурга, Төгрөг сумын Өгөөмөр багийн тэмээчин В.Даваамөнх ээлжийн 60 ингэнээс 60 ботго тус тус бойжуулж ХХААЯ, МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн”-ээр шалгарлаа.

Тэд тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсны дээр нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарч, малынхаа ашиг шимийг боловсруулан зах зээлд гаргаж өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан амжилтаар энэхүү шагналын эзэд болсон байна.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news