ГОВЬ-АЛТАЙ: Зүү эмчилгээний кабинетаар 970 гаруй иргэн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-10 11:54:08

Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн “Зүү эмчилгээний кабинет”-аар 970 гаруй иргэн үйлчлүүлжээ. 


 “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд Eсөнбулаг сумын орон нутгийн төсвийн хөрөнгөөр Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэгт “Зүү эмчилгээний кабинет”-ыг нэгдүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад оруулсан аж. 


Энэхүү кабинетийг ашиглалтад оруулснаар зүү эмчилгээгээр дамжуулан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэх боломж бүрдсэн байна. Энэ онд өөрийн аймаг болон хөрш зэргэлдээ аймгуудын 970 гаруй иргэнд зүү, төөнүүр эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж ажилласан тухай Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгээс мэдээлэв. 


Зүү эмчилгээний онцлог нь үр дүн сайтай, аюул багатай, орчин үед дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байгаа эмчилгээний арга бөгөөд дан 8, үндсэн 15 суваг, 15 хэрдэст зүүг тавьж биологийн идэвхт сувгаар дамжуулан бие махбодын дотоод тэнцвэр хадгалах, сэргээх идэвхжүүлэх эсвэл бууруулах нөлөөг үзүүлдэг. Тодруулбал, зүү эмчилгээ судлалын тусламж үйлчилгээ нь үрэвсэл дарах, өвдөлт намдаах, тайвшруулах, бодисын солилцоог сайжруулдгаараа давуу талтай. Үүний сацуу зүү эмчилгээг төөнө эмчилгээ, бумба эмчилгээ бусад зүүний эмчилгээний аргуудтай хавсруулан хэрэглэх чухал ач холбогдолтой ажээ. 


Монгол хүний бие махбодь, сэтгэл зүйд тохирсон өрнө-дорнын анагаах ухааны онол арга зүйг хослуулан, байгалийн гаралтай ургамал, амьтан, эрдсийн түүхий эдийг ашиглаж, ёс заншил, ахуй нөхцөл, уламжлалтайгаа уялдуулан иргэдэд эмнэл зүйн үйлчилгээг цогц байдлаар чанартай, хүртээмжтэй хүргэх эрхэм зорилгын төлөө ажиллаж буйгаа нэмж хэлж байлаа.

Related news