Говь-Алтайн есөн гайхамшиг-Бигэрийн Таван элс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 11:57:12

Говь-Алтай аймагт байгаль эхийн өвөрмөц бүрдэл, түүх соёлын үнэт ховор дурсгалууд, ихэс дээдсийн улбаа нүүдэлчин ахуй соёл, ёс заншил нь бидний үнэт өв бөгөөд Цаст богд Сутай хайрхан уул, Хасагт хайрхан, Бурхан буудай, Ээж хайрхан уул,  үзэсгэлэнт Эрээн нуур, дэлхийд ганцхан бөхөнгийн байршил нутаг Шаргын говь,  мазаалай, хавтгай, тахийн  өлгий нутаг Говийн их дархан цаазат газар, байгалийн бүс бүслүүрүүдийг нэгэн зэрэг цогцлоосон Монгол Алтайн их уулс Хантайшир, Хар азаргын нуруу зэрэг байгаль, түүх соёл, өв уламжлалын давтагдашгүй онцлогтой газар нутгууд олон бий.

Тус аймаг нь эртний хүмүүсийн оршин сууж байсан буур бууц, багаж зэвсэг төдийгүй Монголын чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн үеийн болон дундад шинэ үеийн түүхийг багтаасан ховор нандин дурсгал бүхий түүх соёлын өлгий нутаг юм. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн байгалийн үзэсгэлэнт газар, нэн ховор амьтан, хүний гараар бүтээсэн гайхамшиг, музейн хосгүй үзмэрүүдийг “Говь-Алтай аймгийн есөн гайхамшиг”-аар баталсан юм. Эдгээр 9 гайхамшигийг танилцуулж байна. 

Говь-Алтай аймгийн төвөөс 134 км, Бигэр сумын төвөөс 17 км-т орших эртний хотын туурь дээр тогтсон элсэн манханыг “Таван элс” гэдэг. Элсэн манхан дотроос элсний нүүлтээр байн байн гарч ирэх их хотын туурь нь түүхчдийн анхаарлыг их татдаг. Энэ хот нь битүү бургас, модон дотор байж байгаад дайны хөлд үрэгдэн сөнөжээ гэж нутгийн өтгөс үе дамжин хуучилсаар иржээ. Үүний ул мөр нь одоо маш элбэг байгаа шатсан чулуунаас гадна ганц бургас, таван бургас зэрэг эргэн тойрны үлдэгдэл бургас туурийн өмнө талд одоо бий.

Бигэрийн бөөр сувиллын “Таван элс” нь хужир ихтэй учир чийгийг сайн шингээхээс гадна бие махбодь дахь исэлдэх процессыг ихэсгэх үйлчилгээтэй. Элсэн хучилгын үед бие махбодийн усны тэнцвэрт өөрчлөлт орж чөлөөт усны хэмжээг багасгадаг. Мөн халсан элснээс дулаан цацралт гарч биед шингэдэг. Дулаан цацралт бүхий цахилгаан соронзон  долгион нь нил улаан туяаны мужид оршдог. Таван элсний орчин нь цаг уур, геофизикийн хүчин зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас холын нил улаан туяа үүсэх боломжтой гэж үзэн “байгалийн нил ягаан туяаны саун” гэж нэрлэсэн байдаг. 

Ш.Цоодол

Related news