Хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагааг түр зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-23 20:30:08

Мандалговь хотод үйл ажиллагаа явуулдаг авто машин хийгээр цэнэглэх станцад аймгийн Мэргэжлийн хяналтын  газар төлөвлөгөөт шалгалт хийж, хэд хэдэн зөрчил илэрсэн тул үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.

Өнгөрсөн онд Улаанбаатар хотын “Гор газ” ХХК Мандалговь хотод автомашин хийгээр цэнэглэх станцыг ашиглалтад оруулж, үйл ажиллагаа эхэлсэн. Ингэхдээ станцын барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөлгүйгээр ашиглаж эхэлсэн байна. Мөн хий хадгалах даралтат савыг бүртгүүлж, ашиглах зөвшөөрөл аваагүй, мэргэжлийн байгууллагаар хий хадгалах саванд металл хийцийн оношлогоо хийлгээгүй, хий хадгалах сав усан хөргөлтгүй, манометр нь ажиллахгүй, батлагдсан зураг төсөлгүй байсан гэх зэрэг 20 шахам зөрчил илэрчээ.

Илэрсэн зөрчлийг арилгах хүртэл улсын байцаагчийн актаар тус станцын үйл ажиллагааг ийнхүү зогсоосон байна.

Т. Отгонтуяа

 

 

 

Related news