“Аавдаа, Ээждээ захидал бичээрэй “ захидлын уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙТөрийн соёрхолт Яруу найрагч Р.Чойномын нэрэмжит Хэнтий аймгийн нийтийн номын сан, Өндөрхаан Телевиз хамтран “Аавдаа, Ээждээ захидал бичээрэй“ захидлын уралдаан зарлалаа.
Энэхүү уралдаан нь Монгол цэргийн 95-н жилийн ойн баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулж байгаа бөгөөд уралдааны зорилго нь захидал бичих урлагийг дэлгэрүүлэхийн хамт өөрийн санаа бодлоо уран яруу, оновчтой үгээр илэрхийлэн ойр дотны нэгэндээ чин сэтгэлийн үгээ захидлаар дамжуулан илэрхийлэх тэдний сэтгэлийн нандин холбоог бэхжүүлэхэд оршиж байгаагаараа ач холбогдолтой юм.
Тус уралдааны “Ээждээ захидал бичээрэй” захидлыг энэ сарын 20-ноос ирэх сарын 5-ны дотор хүлээн авах бөгөөд “Аавдаа захидал бичээрэй” энэ сарын 20-ноос ирэх сарын 15 дотор хүлээн авахыг зохион байгуулагчид хэллээ.
Мөн уралдааны шалгаруулах журманд насанд хүрэгчид, сурагчид гэсэн 2 төрлөөр шалгаруулах бөгөөд уралдаанд ирүүлэх захидал нь хэнээс хэнд хандсанаа тодорхой дурдсан байх, захидал нь цэвэр, гаргацтай бичиж өөрийн санаагаа илэрхийлж аймгийн төв номын санд гэсэн шуудангийн хаягаар болон аймгийн нийтийн номын санд дугтуйлан ирүүлэх ажээ.
Түүнчлэн 22 сумын иргэд, ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчид оролцох бүрэн эрхтэй юм. Уралдаанд шалгарсан захидлуудыг аймгийн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах аж.
Хэнтий аймаг О.Буянхишиг