Монголд 40 орчим мазаалай бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-06 17:23:50

Говь-Алтай аймгийн нутаг Говийн их дархан цаазат газарт дэлхийд өөр хаана ч байхгүй мазаалай баавгай амьдардаг. 

Мазаалай баавгайг хамгаалахад олон нийтийн оролцоог хандуулах нь сэдэвт ярилцлагыг Говь-Алтай аймгийн төв Алтай хотод ГИДЦГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгууллаа. Ярилцлагад байгал орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.

2013 онд Говь-Алтай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр өөрийн аймгийн бахархалт амьтнаар тодруулжээ. Мазаалай баавгайг 1953 оноос агнахыг хориглосон байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд  16 эр, 9 эм мазаалай баавгайд  дохиолол зүүж судалгаа хийж байгаа ажээ. Мазаалай байнга ирдэг баян бүрд дээр 100м-ийн зайтай 60 камер  байршуулан ажиглалт хийж байгаа гэнэ. Сүүлийн үед Мазаалайг 22-24 тоотой гэж хэвлэл мэдээлэлээр ярьж бичиж байгаач говийн их дархан цаазат газрынхны мэдээлснээр 40 орчим мазаалай байгаа гэнэ.

Мазаалайн нутагладаг газрын 18 цэгт 28 сав тавьж жил бүр 10 орчим тонн тэжээл, хорголжин тэжээл, хуш модны самар, малын гэдэс цувдайг нэмэлт тэжээл болгон өгдөг байна. Нарны эрчим хүчээр ажилладаг худаг гарган газрын гүнээс ус татаж услагааны асуудлыг шийджээ.  Их говийн дархан газрынхан ирэх 4 дүгээр сард зохиолч, зураач, гэрэл зурагчдын тойрон аяллыг “Мазаалайн” нутгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

                                                                                Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news