М.Оюунчимэг:Хүнд суртал багассан ч нэг бичиг авахад 14 хоног шаарддаг хэвээр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-05 15:20:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.МҮХАҮТ-аас явуулдаг “Хүнд суртлын индекс” судалгаанд оролцогсдын 53 хувь нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүнд суртал их байна хэмээн хариулжээ.

Дээрх үзүүлэлтийг 2015 онтой харьцуулахад энэ нь 9 хувиар буурсан дүн боловч хүнд суртал бага гэсэн үнэлгээ нь 2015 оноос хойш өөрчлөгдөөгүйг МҮХАҮТ-ын Бодлого, судалгаа, хөгжлийн газрын дарга Ж.Оюунчимэг онцолж байв.


2004 оноос эхлэн 2 жил тутам явуулж буй судалгаа энэ жил 2 онцлогтой байв. Эхнийх нь, Азийн сангийн дэмжлэгтэйгээр судалгааны аргачлалыг шинэчлэн боловсруулсны дүнд хүнд суртлын индексийг төрийн үйлчилгээний цаг хугацаа, зардал баримт бичгийн тоо зэрэг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан тооцох болж. Хоёрт, энэ удаагийн судалгааны танилцуулгыг хийхэд СЭЗДС, МУИС зэрэг судалгаа шинжилгээний байгууллагууд, АТГ, Үндэсний хөгжлийн газар зэрэг төр, засгийн холбогдох байгууллагууд, Дэлхийн банк, АХБ зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцон судалгааны талаар зөвлөлдсөн нь онцлог байв.



Ингээд МҮХАҮТ-аас Засгийн газрын ХЭГ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсны дагуу төр, засгийнханд хүргүүлж буй энэ удаагийн “Хүнд суртлын индекс” судалгааны дүнг танилцуулвал, төрийн байгуллагын үйлчилгээний хүнд суртлын дундаж индекс энэ онд 3.29 гэсэн дүнтэй гарсан байна. Төрийн байгууллагуудын үйлчилгээний үзүүлэлтүүдийг авч үзэхэд төрийн албан хаагчдын тоо, ёс зүй, харилцааны хандлага, мэдлэг, ур чадвар 3.46, төрийн байгууллагын үйлчилгээтэй холбогдох мэдээллийн ойлгомжтой, хүртээмжтэй, шинэчлэгдсэн байдал 3.39 гэсэн “сайн” үнэлгээтэй гарсан бол үйлчилгээ авахад зарцуулах хугацаа 3.06 гэж хамгийн “бага” үнэлгээг өгсөн байна. Бизнес эрхлэгчдээс төрийн үйлчилгээнд хэр зэрэг сэтгэл ханамжтай байгааг асуухад судалгаанд оролцогсдын

  • 40 хувь нь төрийн үйлчилгээнд “сайн” үнэлгээ тавьж,
  • 42 хувь нь “дунд”,
  • 16 хувь нь “муу” үнэлгээ өгчээ. Судалгааны үзүүлэлтүүдээс Төрийн худалдан авах ажиллагаанд өгсөн үнэлэлт 40 гаруй хувийн хангалтгүй байгаа гэдгээр анхаарал татаж байв. Тодруулбал, судалгаанд оролцогсдын 60 хувь нь худалдан авах ажиллагааны талаар зар, мэдээлэл хүртээмжтэй, ойлгомжтой байдаг гэж үзсэн хэдий ч 40 гаруй хувь нь үйл ажиллагааг нь хангалтгүй байна гэсэн үнэлгээг өгчээ.
Худалдан авах ажиллагааны шударга байдал “муу” гэж 46 хувь нь хариулсан бол 18 хувь н “дунд” гэж үзжээ. Судалгаанд оролцогсдын 17 хувь нь Төрийн худалдан авах ажиллагаанд гомдол гаргаж байсан гэсний дотор 64 хувь нь гаргасан гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй гэсэн хариу өгсөн байна.  

Хүнд суртлын индексээр хамгийн дээгүүрт буюу сайжирсан үзүүлэлтээр Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо орж, хамгийн бага буюу муу гэдэгт АМГТ-ын газар, Автотээврийн Үндэсний төв, Нийслэлийн газрын алба тус тус багтжээ.


Судалгааны талаар МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг дүгнэж хэлэхдээ, “Ерөнхийдөө хүнд суртал тодорхой хэмжээгээр багассан гэсэн дүн гарлаа. Гэхдээ 14 хоногийн хугацаанд нэг бичиг авна гэдэг маш том бэрхшээл арилаагүй хэвээр. Хүнд суртал шийдвэр гарах түвшинд буюу дунд, дээд шатанд авлига хээл хахуул, хүнд суртал гарч байна. Яагаад гэвэл анхан шатны бичиг баримт авч байгаа хүнд энэ байдал гарахгүй байна гэж харагдсан. Танхимын зүгээс бизнес, худалдаа эрхлэгчдийн цагийг хэмнэх үүднээс хотын гааль дээр нэг цэгийн үйлчилгээ бий болгох төсөл дээр ажиллаж байна. Мөн удахгүй манайд бүх бизнес эрхлэгч, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан мэдээллийг нэг цэгээс авах үйлчилгээ нээх гэж байна” гэв.

Хүнд суртлын индексийн судалгааг Улаанбаатар хот болон орон нутгийн бизнес эрхлэгчдээс ганцаарчилсан ярилцлага авах хэлбэрээр энэ оны 10-11 дүгээр сард явуулж нийт 191 ААН хамарсан. Харин судалгааг төрийн 54 байгууллагад хийж, давхардсан тоогоор 2009 үйлчилгээг үнэлжээ.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news