Соёлын ажилтнуудын чуулганд оролцогчид хүн чулуунд хамгаалалтын хайс барьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завханы Түдэвтэй суманд Завхан аймгийн
соёлын ажилтны чуулган болж 24
сумын 160 гаруй соёлын ажилтан оролцжээ.
Чуулганы үеэр аймаг, сумын соёлын бодлого үйл ажиллагаа, мэдээ тайлан түүний хэрэгжилт, үр дүн, тухайн салбарт хэрэгжүүлсэн шинэлэг ажил үйлчилгээ, ажлын туршлагын талаарх илтгэлүүд тавигдаж соёлын салбарынхэн хэрхэн хамтран ажиллах талаараа зөвлөлдлөө. Түүнчлэн хөдөөгийн сумдын Соёлын төв, Музей, номын сангуудын албан хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай техник хэрэгсэл хүрэлцээгүйн улмаас ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учирч буйг соёлын ажилтнууд үеэр дуулгав. Чуулганд оролцогч соёлын ажилтнууд Түдэвтэй сумын нутаг дэвсгэрт байрлах Хөндлөнгийн өврийн хүн чулууны хайс хамгаалалтыг хийжээ. Мөн Тэлмэн сумын Соёлын төвийн эрхлэгч Ч.Энхжаргалын бүтээл чулуун зэвсгийн үеийн эртний хүн чулуун баримлыг хөшөөний дэргэд байрлуулжээ. Эртний хүний оромж болох урцыг бүтээж түүхийн сэдвийн хүрээнд дэглэн байршуулсан байна. Энэ нь тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдэд түүх соёлын дурсгалт зүйлээ хайрлан хамгаалах, эртний түүхийн уг гарвалыг судлах, нутаг орноороо бахархах орчныг бүрдүүлж өгснөөрөө онцлог боллоо хэмээн зохион байгуулагчид хэлэв.
Соёлын ажилтны чуулганыг сум орон
нутагт анх удаа зохион байгуулсан нь алслагдсан суурингийн иргэдийн соёл урлаг,
түүхийн дурсгалт зүйлийн талаарх мэдлэг, мэдээлэл нэмэгдсэн төдийгүй түүх соёлын өвийг хадгалан
хамгаалах сэдлийг төрүүлж өглөө гэв.