Ваажаа аваргын ном бөхчүүдийн үнэт гарын авлага болсоор байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Спортын ордны өмнөх талбайд Улсын арслангийн хөшөөг сүндэрлүүлэн босгосон байдаг. Хотол олноороо дээдэлдэг, бөхийн жудаг, ёс жаягийг хойч үедээ өвлүүлсэн, нутгийнхны хэлдгээр “Ваажаа” аваргын тухай олон сонирхолтой яриа одоо ч яригдсаар байна.
Ш.Ванчинхүү Дөрвөдийн үнэн зоригт хан аймгийн Тариачины зүтгэлт бэйсийн хошуу , одоогийн Ховд аймгийн Буянт сумын нутаг Хар ус нуурын Цагаан голын “Цагаан тэмээт” гэдэг газар 1909 оны шороон тахиа жил айлын ес дэх хүү болон төржээ.
Ш.Ванчинхүү 17 настайгаасаа эхлэн орон нутгийн наадмуудад барилдаж эхлэн, 1930 онд хошууныхаа наадамд 21 настайдаа түрүүлж байжээ.
Мөн тэр ондоо Хэнтий аймагт томилолтоор очиж ажиллаж байхдаа тус аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол авчээ.
Ш.Ванчинхүү 1932 оны Улсын баяр наадамд анх аймгийн арслан цолтой барилдаж 1000 шахам бөхөөс зургаа давж “өсөх идэр заан” цол хүртсэн юм.
1934 онд Ховд аймгийнхаа баяр наадамд, харин 1936 оны Улсын баяр наадамд барилдсан 1024 бөхөөс 7 давж “Саруул сайжрах” чимэг, мөн ондоо Ховд болон Увс аймгуудын баяр наадамд түрүүлжээ.
Ш.Ванчинхүү арслан 1950 онд 41 настайдаа аймгийнхаа баяр наадамд зодоглож түрүүлж нутгийн наадамчин олноо баясгаж явсан байна..
Ш.Ванчинхүү арслан өөрийн боловсрол, мэдлэгтээ түшиглэн “Монгол бөхийн барилдааны тухай” ном бичиж хэвлүүлсэн юм. Ялангуяа “Монгол бөхийн зарим мэх” 1978 он номондоо монгол бөхийн барилдааны олон мэхнүүдийг дотор нь барьцгүй хаях мэх, цэрвүү барьцны мэх, лав барьцны мэх гэж үндсэн гурван хэсэг болгон хуваасан байдаг. Мөн энэ товхимолд мэхийг яаж хийх ба хариулахыг оновчтой тайлбарлаж, биечлэн хийж байгааг харуулсан фото зургуудтай тэр нь хойч үеийн бөхчүүдийн ширээний ном болон үлдсэн үнэтэй бүтээл юм. Энэ номуудаараа монгол бөхийн барилдааны хөгжилд гарамгай гавьяа байгуулсан Ш.Ванчинхүү арслангийн мөнхийн бүтээл дурсгал болон үлджээ.
Түүний бичсэн “Монгол бөхийн зарим мэх” ном өнөө үеийн бөхчүүдийн үнэт гарын авлага болсоор байна.
Ш.Ванчинхүү арслангийн нэр төр хөөцөлддөггүй шударга шулуун занг одооч гэсэн олон хүн бахархан дурсдаг. Түүний шударга зангийн нэгэн жишээг дурдахад: 1936 оны Улсын баяр наадамд наймын даваанд Дорнотын Балсан арслантай тунаж барилдан хэн нь хаясан нь тодорхойгүй хамт унажээ. Балсан арслан түүнд тахимаа өгөх гэтэл Ванчинхүү татгалзаж, би биш та давсан шүү дээ гээд тахимаа өгчээ. Ийн давсан Балсан арслан тэр жилийн наадамд урамтай сайхан барилдаж түрүүлж байжээ.
Ховд аймаг А.Бямбасүрэн
Related news

