Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-тэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-12-18 16:56:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны байранд өнөөдөр “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-ийг нээлээ.

Тус төвийг нээснээр хорооны иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, цаг хугацаа, зардлаа хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авах шинэ боломж нээгдэж байна.

“Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах жил”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сард “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-өө Иргэдэд үйлчлэх төв байрны нэгдүгээр давхарт шинэчлэн нээсэн.

9 дүгээр хороо нь 9162 хүн амтай, 100 хувь гэр хорооллын өрхөөс бүрддэг бөгөөд иргэд хөдөлмөр халамжийн үйлчилгээ, улсын бүртгэлийн үйлчилгээг хорооныхоо байрнаас авч, дүүрэг рүү явах шаардлагагүй болж байна. Мөн иргэдэд зориулсан цахим ухаалаг самбар байршуулж иргэд төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримтын жагсаалтыг шууд удирдан хэвлэн авч, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай авах боломжтой болов. 

Үүнээс гадна хүчирхийлэлд өртсөн иргэдийг хүлээн авах уулзалтын тусгай өрөөтэй болсон байна. Тус өрөөнд хүчирхийлэлд өртсөн иргэнтэй ганцаарчлан уулзаж, хамтарсан багтай холбон зуучлах үйлчилгээг үзүүлж эхэллээ. 

Эхний ээлжинд гэр хорооллын хамгийн олон хүн амтай 3 хороог сонгож "Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв" байгуулах ажлыг эхлүүлээд байна. Цаашид Хан-Уул дүүргийн 16 хороодод “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-ийг 2019 онд багтаан нээнэ хэмээн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцлов.  

Үйл ажиллагаанд ДИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ДИТХ-ын төлөөлөгч Ц.Ган-Эрдэнэ болон Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Related news