Дархан-Уулд 17 хурандаа ажиллаж, амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-03-10 22:31:17

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нарын аймгийн удирдлагууд Монгол Улсад “Хурандаа” цол бий болсны 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Дархан хотыг үүсгэн байгуулж одоогийн хөгжил цэцэглэлтийг бий болоход гар бие оролцсон цэргийн анги нэгтгэлүүдийг удирдаж явсан болон одоо ажиллаж байгаа “Хурандаа” нарт хүндэтгэл үзүүлэв.

Тус аймагт өнөөдөр энэ эрхэм алдрыг хүртсэн 17 хурандаа ажиллаж амьдарч байна. Хүндэтгэлийн арга хэмжээний эхэнд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат хэлсэн үгэндээ:-“Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдал, Хууль, Цагдаагийн салбарын манлайлагчиддаа “Монгол хурандаагийн өдөр”-ийн халуун мэндчилгээг дэвшүүлж ахмад үеийнхээ дадлага туршлагыг дэлгэрүүлэх, мэргэжлийн ур чадвар дайчин уламжлалыг залуу хойч үеийнхэнд өвлүүлэх үйлсэд нь амжилт хүсье” гэв.

Монгол улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны гуравдугаар сарын хоёрны өдөр хамгийн анх Зэвсэгт хүчний байгууллага хурандаа цолтонтой болж байсан бол, 1950 онд Цагдаагийн байгууллага, 1964 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 1971 онд Онцгой байдлын байгууллага хурандаа цол олгож эхэлсэн аж. 

                                                                                        Б.Норовсамбуу

Related news