Дундад зууны үеэс одоог хүртэлх Монгол цэргийн түүхийг харуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-14 14:51:34

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монгол Цэргийн музей байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан “Монгол цэрэг” үзэсгэлэн өнөөдөр Монгол Цэргийн музейд нийтийн хүртээл боллоо.

Тус үзэсгэлэнг Монгол цэргийн дайчин ялалтын түүх, яруу алдар, тэдний түүчээ өнөөг хүртэл оршин байгааг илтгэн харуулах зорилгоор БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Архивын Ерөнхий газар, Батлан Хамгаалахын төв архивтай хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд дундад зууны үед монгол цэргүүдийн эдэлж хэрэглэж байсан гархин хөө хуяг, дуулга, бамбай, нум сум бусад зэр зэвсэг, хаадын хөрөг зургууд, Олноо өргөгдсөн хаант Монгол улсын үеийн зэр зэвсэг, зуун цэрэг захирах түшмэлийн далбаа, дун бүрээ, 1921 оноос хойших цэргийн түүхэнд холбогдох эд өлгүүд, Бүх Цэргийн их жанжин туг, анги хороод, дивизүүдийн байлдааны туг, Төрийн ёслолын цэргийн цагаан тугны анхны эх загвараас гадна түүхэн сэдэвт 40 орчим фото гэрэл зураг, Монгол Ардын Хувьсгалт Цэргийн түүхэнд  холбогдох 20 гаруй архивын баримт бичгийг дэлгэжээ.

Мөн хосгүй үнэт дурсгалын жагсаалтад бүртгэгдсэн XIII-XIV зууны үед холбогдох чонын сийлбэр бүхий “Хотгор илд”, Манж Чин улсын үеийн цаазын сэлэм, Хатанбаатар С.Магсаржавын хэрэглэж байсан сэлэм, Маршал цолтонд зориулан бүтээсэн маршал сэлэм болон генерал, дарга, цэргийн сэлэм, ЗХУ, Япон, Хятад зэрэг улсын онцгой хийц загвар бүхий сэлмийг энэхүү үзэсгэлэнгээс үзэх боломжтой. Түүнчлэн судлаач, цуглуулагч Ө.Сэрээтэрийн Монгол Ардын Хувьсгалт Цэрэг, Монголын Ардын Армийн холбогдолтой марк, зурагт хуудас, ил захидлын дугтуйнуудыг анх удаа олны хүртээл болгож буйгаараа онцлогтой.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news