Э.Анда: Монголын тайзнаа гадаад найзуудтайгаа хамтран балетын гала тоглолтоо толилуулахыг зорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Балетын урлагийг дэлхийн тайзнаа таниулж яваа монгол бүжигчин Э.Анда зуны амралтаараа эх орондоо ирэх үед нь бид цөөн хором ярилцлаа.
АНУ-ын Колорадо мужид төрж өссөн тэрбээр таван наснаасаа балетаар хичээллэж, өнөөг хүртэл тууштай хөдөлмөрлөж байна. Мөн тэрбээр олон улсын томоохон тэмцээн уралдаанд амжилттай оролцож, гадаадын балетын компани хүлээн зөвшөөрсөн монголын цөөн бүжигчдийн нэг юм.
-Сонгодог балетын урлагт анх хэрхэн хөл тавьж байв. Энэхүү амжилтад хүрэхэд
гэр бүлийн дэмжлэг, оролцоо нөлөөлсөн байх?
-Би таван наснаасаа балетаар хичээллэж эхэлсэн. Үүнээс өмнө дуу, зураг, гольф, усанд сэлэлт гээд олон зүйлд сонирхолтой байсан ч биеийн хөдөлгөөнөөр сэтгэлээ илэрхийлэх балетын урлаг онцгой таалагдсан. Эхэндээ орос багштай байлаа. Дэлхийн бүжгийн сургууль, Колорадогийн сонгодог балет, Денверийн урлагийн сургуульд суралцсаны дараа Сан Францискогийн балетын сургуульд элсэж, 2021 онд төгссөн. Тэгээд Чикагогийн “Жоффри балет” компанид дадлагажигчаар хоёр жил ажиллаад одоо мэргэжлийн балетчин болсон.
Балетын урлагийг хэцүү, өртөг ихтэй гэдгийг мэдэлгүй анх хичээллэж байлаа. Гутал гэхэд л 24 цагийн дараа өмсөх аргагүй болчихдог, нэг хос нь 100 долларын үнэтэй. Аав ээж минь миний төлөө илүү их хөдөлмөрлөж, өндөр цалинтай ажил хийхийг зорьж байсныг хараад, би ч бас шантралгүй тууштай байхаар шийдсэн. Миний амжилт бүрийн ард хайртай гэр бүл минь байдаг. Аав ээж хоёр анх 1998 онд Америк оронд цагаачилж ирсэн. Маш ажилсаг хүмүүс учраас намайг багаас минь аз жаргалтай өсгөсөн. Аав ээж хоёр минь дэмжиж үргэлж хамт байсан нь намайг амжилт гаргахад нөлөөлсөн. Манай гэр бүл нийгмийн идэвх сайтай, одоо ч хэвээрээ.
-Балетчин хүн гоо үзэмж, авьяас чадвар, өв тэгш бие цогцлоож байж
үзэгчдэд хамгаас их таашаал төрүүлдэг. Таны сонгосон балетын мэргэжлийн онцлог
юу вэ?
-Балет бол дуугүй жүжиг. Биеийн хэл, нүүрний хувирал, хөдөлгөөнөөр бүхнийг илэрхийлдэг. Харин контемпорари бүжиг надад илүү эрх чөлөө олгодог. Балетчин тайзнаа гараад хамгийн сайнаараа бүжиглэдэг, алдвал засаж болдоггүй. Балетчин хүний өөрийгөө шахаж байгаа мэдрэмж, хүсэл эрмэлзэл нь гоё санагддаг. Балетад оргил гэж үгүй, насан туршдаа суралцдаг учраас өөрийгөө байнга сорих хүчтэй мэдрэмжийг төрүүлдэг. Сонгодог балетыг сонгосон шалтгаан гэвэл энэхүү урлагт “би одоо төгс боллоо” гэсэн хязгаар байхгүй. Хамгийн шилдэг гоцлол бүжигчин ч насан туршдаа өөрийгөө хөгжүүлдэг. Тиймээс балет бол суралцахын гоо сайхныг агуулсан урлаг юм. Мөн сурч мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцаж, өөр шигээ урлагт дуртай залууст урам өгөхийг хүсдэг. Цаашдаа энэ урлагийг Монголдоо хөгжүүлэхэд өөрийн хэмжээнд хувь нэмрээ оруулна гэж боддог. Миний хувьд гадаад оронд төрж, өссөн хэдий ч монгол хүн гэдгээрээ үргэлж бахархаж явдаг. Анхны монгол бүжгээ дэглэхдээ үндэснийхээ соёлыг шингээж өгсөн маань гадны үзэгчид их таалагдсан. Түүнээсээ туршлага хуримтлуулж байгаа. Монголд ирэхээсээ өмнө “The HU” хамтлагийн ая, монгол бүжгийн аянд үндэсний болон контемпорари бүжгийг хослуулж бүжиг дэглэсэн. Тайзны ард хэсэг монголын үзэсгэлэнт байгалийн сайхныг харуулсан нь гадны үзэгчид ихэд таалагдаж, "монгол явж үзмээр байна" гэж хэлж байсан.
-Балетчид амьдралынхаа ихэнх цаг хугацааг тайзнаа өнгөрүүлдэг. Бэлтгэл
сургуулилтын хажуугаар чөлөөт цагаараа юуг сонирхдог вэ?
-Би ихэнх цагаа балетдаа зориулдаг ч зураг авах, аялах, ууланд алхах, иог хийх гээд олон хоббитой. Балетын урлагийн 60 хувийг тархи, оюун санаа, 40 хувийг биеийн хөдөлгөөн эзэлдэг. Тиймээс тархиа амраах гэж байгальд гарч, уул ус ширтэх дуртай. Колорадо мужид 4200 метрээс дээш өндөртэй 58 оргил байдгаас Америкт 70 хүрэхгүй хайрхан бий. Хүмүүс энэ ууландаа авирах дуртай байдаг. Би 58 оргилоос 12-т нь алхсанаараа бахархдаг. Монголдоо ирээд байгалийн гоо үзэсгэлэнгээс маш их эрч хүч авч байна.
-Монголын нэрийг дэлхийд дуурсгаж яваа залуу балетчин хүний хувьд ирээдүйн
зорилго, төлөвлөгөөгөө хуваалцаач?
-Бүжигчин хүний хувьд удаан хугацаанд бүжиглэхийг мөрөөддөг. Гэхдээ урьдчилан хэлж мэдэхгүй байна. Олон жил энэ урлагаараа ажиллах сонирхол бий. Багаасаа нөхөрлөсөн авьяаслаг гадаад найзуудтайгаа хамтран “Анда ба найзууд” нэртэй гала тоглолтоо эх орондоо хийж, монголын тайзнаа гоцлол бүжгээр уран бүтээлээ толилуулах мөрөөдөлтэй. Мөн бүжиг дэглэх, Монголын балетын урлагт хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Европын орнуудад сонгодог урлагийг их дэмждэг. Тэнд бүжигчин хүнийг үнэлдэг нь намайг урамшуулж, улам сайн болох эрмэлзэл төрүүлдэг.
-Балетын урлаг хүнээс маш тэсвэр тэвчээр шаарддаг. Олон цагийн турш хөлийн өлмий дээрээ бүжиглэнэ гэдэг амаргүй ч балетын урлагийг сонирхож, балетчин болохыг хүсэж буй залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Би Сан Францискогийн балетын сургуулийг төгссөн анхны монгол хүн. Энэ бол хэн ч хичээвэл бүх хаалга нээлттэй гэдгийн жишээ. Мөн Нидерландын бүжгийн театрт орохын тулд таван жилийн турш тууштай хичээсэн. Би хэзээ ч бууж өгөөгүй. Хэдийгээр балет хэцүү урлаг ч гэлээ хэзээ ч битгий бууж өгөөрэй гэж хэлмээр байна.
Балетын бүжигчин Э.Андагийн амжилтаас дурдвал:
- 2018 оны Украин Улсын Киев хотод
болсон Олон улсын балетын бүжигчдийн Гранд Прикс уралдаан (Kiev
Grand Prix International Ballet Dancers Competition) Шилдэг 10 бүжигчин
- 2016 оны Дэнвэр хотын Балетын
нийгэмлэгээс (Denver Ballet Guild) зохион байгуулдаг Залуу бүжигчдийн
уралдаанд шилдэг 10 бүжигчдээс 4 дүгээр байр
- 2016 оны Залуу Америкчуудын Гранд
Прикс (Youth American Grand Prix) уралдааны шилдэг 10 бүжигчин
- 2015 оны Дэнвэр хотын Балетын
нийгэмлэгээс (Denver Ballet Guild) зохион байгуулдаг Залуу бүжигчдийн
уралдаанд шилдэг 10 бүжигчдээс 5-дугаар байр, Давид Парвины Нэрэмжит
шилдэг уран сайханч бүжигчин
- 2015 оны Залуу Америкчуудын Гранд
Прикс (Youth American Grand Prix) уралдааны шилдэг 10 бүжигчин
- 2012 онд Монголын Хүүхдийн
байгууллагын "Авьяас" хүрэл медаль
- 2012 онд Дэнвэр Хотод болсон
"Оросын Соёлын өдрүүд" фестивалийн алтан медаль
- 2010 онд Колорадо мужийн Монгол
хүүхдийн "Алтан намар" урлагийн наадмын тэргүүн шагнал
"Авьяас" цом, алтан медаль
- ХБНГУ-ын Заарланд мужийн Сонгодог урлагийн театрын балетын бүжигчин