М.Анхцэцэг: Хүүхэд бүр өөр өөрийн ертөнцийг өнгө будгаар илэрхийлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн урчуудын эвлэлийг дахин сэргээж үйл
ажиллагааг нь үргэлжлүүлж яваа зураач, дүрслэх урлаг судлаач М.Анхцэцэг нь
Улиастай сумын хүүхэд залуучуудад уран зураг заах, юмханаар юм хийх, зургийн
үзэсгэлэн гаргах гээд чамгүй олон ажлыг амжуулдаг ажээ. Тэрээр Дорны их найрагч Б.Явуухулангийн
90 насны ой тохиож буй энэ жил “Урлахуйн ухаан” уран зургийн дугуйлан болон,
урчуудын эвлэлийн салбараас уран бүтээлийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөн ажилдаа
оржээ. Ингээд түүнтэй уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу? Өдрийн
мэнд Монголын Урчуудын Эвлэлийн салбар Завхан аймагт дахин сэргэж үйл
ажиллагаагаа явуулж эхэлжээ?
-Өдрийн мэнд хүргэе. Орон нутагтаа
дүрслэх урлагийн бүх төрлүүдээр уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдээ
нэгтгэх гэсэн санаа анх СУИС-ийн салбар
Хөгжим бүжгийн коллежид багшилж байхад л бодогддог байлаа. 2017 онд Завхан аймгийн Утга зохиолын
нэгдлийн тэргүүн Б.Баяржавхлантай танилцаж аймгийн Утга зохиолын нэгдлийн дэмжигч
гишүүн болсноор, тэдний бүхий л үйл ажиллагааг дэмжин оролцож бас суралцаж явсны ачаар 2018 оны 10 дугаар сарын 16-18-нд зохион байгуулсан “Бадархундага -2018” яруу найргийн наадмын үеэр Монголын Урчуудын Эвлэлийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, зураач Г.Мөнхбаатар
нарыг урьж 10 дугаар сарын 17-ны
өдөр анхны хурлаа хийж 54 жилийн түүхтэй Завхан аймгийн Урчуудын эвлэлийг
сэргээсэн.
-Завхан аймгийн
урчуудийн эвлэлийн үүх түүхээс хуваалцаач?
-1946 онд МАХН-ын бүгд хурлын тогтоолд “Аймгийн
төвүүдэд уран зураг ба гэрэл зургийн газрыг байгуулан, түүнийг удирдах
хүмүүсийг бэлтгэх зорилгоор уран зураг ба гэрэл зурагч нарыг бэлтгэх курсийг зохион явуулсугай” гэсэн
тогтоолын дагуу 1946 онд Завхан аймгийн
Урчуудын Эвлэл нь анх “Гар зургийн газар” нэртэй гурван орон тоотой
байгуулагдаж байсан түүхтэй юм билээ. Анхны даргаар Г.Бямбажав, зураач
Баттогтох, Минжүүр нар томилогдон ажиллаж байсан байдаг. Тэд айл гэрийн
тавилга, эд хэрэглэл будах, хээлэх, албан байгууллагын захиалгаар самбар, үзүүлэн хийж байсан байдаг.
-Дахин сэргээсэн
урчуудын эвлэлд хэчнээн зураач, урчууд нэгдэв?
-Одоогийн байдлаар уран зураг, баримал, сийлбэр, хайчилбар, монгол зураг, эсгий урлал чиглэлээр 20 орчим уран бүтээлчийг нэгтгээд байна. Цаашдаа 24 сум, аймгийн төвийн таван сургуулийн дүрслэх урлагийн багш нараа нэгтгэнэ гэсэн бодолтой, санал тавиад байгаа. Манай урчуудын эвлэлийн ажил Монголын Урчуудын Эвлэлийн 2019 оны үзэсгэлэнгийн хуваарьт зөвхөн орон нутагтаа уран бүтээл хийж буй уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргах үйл ажиллагаагаа батлуулснаар эхэлсэн байна. Байгуулагдсанаас хойш хоёр сарын хугацаанд уран бүтээлчид маань хамтдаа сууж бүтээл туурвих урлантай боллоо. Салбарын үүх түүхээ судалж байна. Орон нутгийн удирдлагуудтай уулзаж Б.Явуухулангийн 90 жилийн ойн үеэр уран бүтээлчдийн үзсгэлэн гаргахаар төлөвлөөд байна.
-Таныг Завханчууд нүүр
номын нэрээр тань л таньдаг гэж дуулсан? Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй
юу?
-Тиймээ./инээв/ Зургийн дугуйлангийн Мужаан Анхаа гэх юм билээ. Гэхдээ олон нийтэд хийж буй ажлаараа танигдана гэдэг бас нэг давуу тал юм уу даа. Намайг Мужааны Анхцэцэг гэдэг. Зураач, дүрслэх урлаг судлаач мэргэжилтэй. 2002 онд Үйлдвэрлэл урлал урлагийн сургуулийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр төгссөн. 2006 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг, 2012 онд Соёл урлагийн их сургуулийг дүрслэх урлаг судлаач, багш мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж тус тус төгссөн. Түүнээс хойш Монголын Урчуудын эвлэлийн чөлөөт уран бүтээлч хийж байгаад нутагтаа ирж, СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллежид багшаар ажиллаж байгаад яг одоо хувиараа “Урлахуйн ухаан” нэртэй уран зургийн дугуйлан хичээллүүлж байна. Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар(ГБХЗХГ)-ын дэргэд хүүхэд залуучуудад уран зургийн хичээл зааж байгаа.
-Урлахуйн ухаан дугуйлан маш амжилттай хичээллэдэг юм шиг
санагдсан. Яагаад заавал дугуйлан хичээллүүлэх болов?
-Тиймээ. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод галерейд
ажилдаг байхдаа зургийн дугуйлан хичээллүүлдэг байсан юм. Тэр ажлаа үргэлжлүүлэн
ГБХЗХГ-ийн дэргэд “Урлахуй ухаан” зургийн дугуйлан байгуулан, өнгөрсөн оны дөрөвдүгээр
сараас хичээллүүлж байгаа. Хүүхэд бүр суурь боловсрол эзэмших хэрэгтэй.
Тэгвэл суурь боловсрол гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэхээр, хамгийн түрүүн
бид урлагаар дамжуулж хүүхдийг хүмүүжүүлэх нь чухал юм. Урлаг хүнд маш их соёл,
гоо зүй, хүмүүжлийг төлөвшүүлдэг. Мөн хүүхэд хүүхдээсээ суралцах, өөрөө
өөрийгөө буюу бие хүнээ олох, хөгжих боломжийг уран зураг олгодог. Манай
дугуйланд гурваас дээш бүх насныхан хамрагдах боломжтой. Миний хувьд багш
хүн учраас уран зургаар дамжуулан хүүхдэд маш олон төрлийн төлөвшлийг олгохыг
зорьдог юм. Хүүхдүүд уран зургаар дамжуулан сууж сурах, анхаарал төвлөрөх
чадвар, юмыг ажиглах чадвар, бие дааж ажиллах чадварууд сайжирч тархины
задаргаа буюу сэтгэн бодох чадвар нь дээшилдэг. Ер нь уран зураг хүнийг
тайвшруулдаг сэтгэл засдаг урлаг юм гээд уран зургийн хүүхдэд эергээр нөлөөлөх ач
холбогдол тоочвол маш их. Хүүхэд бүх хүсэл мөрөөдөл, бодлоо хамгийн түрүүнд зургаар
илэрхийлдэг шүү дээ. Миний хувьд залуу хүн учраас цагт баригдалгүйгээр бүх
насныханд уран зургийн талаарх ойлголтыг зааж, бас тэдэнтэй хамтарч уран
бүтээлээ туурвиж хүүхэд бүртэй ажиллах нь миний туйлын хүсэл. Ялангуяа бага
насны хүүхдүүдтэй ажиллах үнэхээр сайхан байдаг. Өдөр бүр тэднээс шинэ хүсэл
мөрөөдлийг олж хардаг болохоор тэр юм болов уу даа. Урлахуйн ухаан дугуйлангийн
зорилго бол энэ юм.
-Ер нь авьяастай хүүхэд гэж ямар хүүхдийг хэлэх вэ? Эсвэл
бүх хүн, хүүхэд зурах төрөлхийн мэдрэмжтэй байдаг уу?
-Ер нь авьяасгүй
хүүхэд гэж байдаггүй. Хүүхэд болгон бага насандаа зурдаг. Зурж эхлэх нас нь
харилцан адилгүй байдаг. Гурван наснаас эхлээд дөрөв, тав, зургаа гээд л.
Томроод ирэхээрээ хүүхдийн сонирхол нь өөр болоод уран зургаа орхидог болохоос
хүүхэд болгон зурдаг. Тийм болохоор яг тэр онцлогт нь түшиглээд
хүүхдүүдийг зургаар хүмүүжүүлж, төлөвшүүлэх боломжтой юм. Анх бүх насныханд
урлагийн боловсрол олгох зорилгоор эхлүүлж байсан дугуйлан маань эцэг эхчүүдийн
хүсэлтээр өргөжин тэлж, гурван настай хүүхдүүдийг элсүүлэх болсон нь бас том
амжилт юм. Манай дугуйлангийн зорилго бол зураач бэлдэх бус, харин хүүхдийг
бүтээлч сэтгэлгээтэй, урлагийн мэдрэмжтэй, урлаг ойлгодог, зөв хүн болгон
төлөвшүүлэхэд эерэгээр нөлөөлөх явдал юм. Миний бодлоор өөрийнхөө давуу талыг
хөгжүүлж чадаж байгаа хүүхдийг л авьяастай хүүхэд гэнэ. Хүн бүр сэтгэлдээ
зураглах чадвар мэдрэмжтэй. Зөвхөн түүнийгээ сонсох л хэрэгтэй. Гагцхүү
хавтгайд ямар хэлбэрээр буулгах вэ гэдэг нь л сонин бас өөр өөр. Тэгэхээр би
төрөлхийн мэдрэмж байдаг л гэх гээд байгаа юм. Тиймээс дугуйланд суралцаж
байгаа хүүхдүүд тэр мэдрэмжээрээ ахиад шат шатаар өгсөөд явдаг. Эдгээр хүүхдүүдийг
илүү хөгжүүлэхийг хичээж ажилладаг юм.
-Хүүхдүүд багаасаа зураг зурах нь ямар
ач холбогдолтой вэ?
-Зурагнаас
суралцах зүйл маш их. Бага наснаасаа эхлэн зураг зурснаар хүүхдийн гарын эвсэл сайжирна.
Хожим хүүхэд гарын дүйтэй болж, бичиж сурахад нь хүртэл хялбар байдаг. Бас хүүхдийн бүтээлч сэтгэлгээ хөгжинө. Хүүхэд
чөлөөтэй сэтгэж, зурсан зургаараа дамжуулан өөрийгөө илэрхийлж сурдаг. Эхэлсэн
ажлаа дуусгахын тулд тэвчээртэй сууж сурна гээд олон давуу талтай. Түүнчлэн бид
хүүхдүүддээ бусадтай эелдэг харилцах, бусдын орон зай, үзэл бодлыг хүндэтгэх
зэрэг ёс суртахууны мэдэгдэхүүн, боловсрол олгохыг хичээж байна. Хүүхэд бүр
гайхамшигтай бүтээлч сэтгэлгээтэй, өөр өөрийн өвөрмөц ертөнцтэй бие хүн байдаг.
Түүнийг нь нээж улам хөгжүүлэх л манай урлахуйн ухааны зорилго юм. Хүүхдийг уран зураг, баримал зэрэг урлагийн зарим
бүтээлтэй танилцуулах нь тэд орчин тойрныхоо амьдралтай танилцах, урлагийн
бүтээлийг сонирхох, гоё сайхныг нь мэдрэх, дуурайж хийж бүтээхийг оролдох,
ойлгосноо болон тухайн бүтээлийн талаар бодол санаагаа илэрхийлэн ярих зэрэг ач
холбогдолтой шүү дээ.
-Өнгөрсөн
шинэ жилийн баяраар танай дугуйлангийн хүүхдүүд бэлгийн цаасан уут хийж
хэрэглэхийг уриалж байсан? Зөвхөн зурах биш бас урлах ухааныг зааж байгаа байх?
Яг хэчнээн хүүхэд хичээллэж байна вэ?
-Тэгэлгүй яахав. Дугуйлангийн хүүхдүүд маань анх
санааг нь гаргасан юм. Гялгар уут байгаль орчныг бохирдуулдаг. Тийм учраас бид
өөрсдийнхөө гараар бэлгийн цаасан уут хийе. Тэр цаасан уутан дээрээ зургаа зуръя
гэж. Хүүхдүүдийнхээ санаачилгыг дэмжээд бид өнгөрсөн шинэ жилийн баярын үеэр
байгаль
орчинд ээлтэй, эрүүл мэндэд хоргүй цаасан нимгэн, зузаан, хэмжээний өргөн
сонголттойгоор уутнууд захиалгаар хийсэн. Хүүхдүүд маш их урам авсан. Мөн
манай урлангаас зориулалтыг нь өргөжүүлээд сендвич, бургер,
хуушуур, талх нарийн боов болон бүх төрлийн хүнсний бараа боож савлах тохиромжтойгоор захиалгаар хийж өгч үйлчилсэн.
Мөн "Урлахуй
ухаан" уран зургийн дугуйлангаа өргөжүүлж
сүрлэн сүлжмэлийн шинэ ангийг нээж хичээлүүлж эхэлсэн байгаа. Сүлжмэлийг бид
сонины нимгэн цаас, болон төрөл бүрийн цаас, сүрэл ашиглаж хийж байгаа.
Өнөөдрийн байдлаар хүүхдүүд бэлэг дурсгалын болон ахуйн хэрэглээний зүйлс урлаж
сурч байна. Манай дугуйланд 3-15 насны 70 гаруй хүүхдүүд суралцаж байгаа. Хүүхдүүд маань дулааны улиралд гадаа орчин дахь байгаль, юмс үзэгдлийг зурах, жилийн дөрвөн улирлын өнгө дүр төрхийг харж зурах гээд заавал танхимд баригдаж хичээллэдэггүйгээрээ онцлогтой.
-Танай
урлангаас өнгөрсөн жил үзэсгэлэн гаргасан байгаа. Үзэсгэлэн гаргахын ач
холбогдол юу юм бол?
-Уран бүтээлийн үзэсгэлэн гэдэг нь хүүхдүүдэд урам өгдөг.
Бас өөрийн бүтээлээ олон нийтэд таниулах, сурталчлах ажил юм. Өнгөрсөн жил аймгийн
Цагдаагийн газар, аймгийн ГБХЗХГ,
Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Завханхангай орон нутгийн хөтөлбөрөөс хамтран зохион
байгуулсан “Бүрэн бүтэн амьдрал” сэдэвт гар зургийн уралдаанд
хамтран оролцсон байгаа. Энэхүү уралдаанд 200 гаруй бүтээл ирүүлснээс 30 шилдэг
бүтээлийг шалгаруулж үзэсгэлэн гаргасан. Энэ үзэсгэлэн нь тодорхой
сэдвийн хүрээнд дэлгэгдсэн болоод тэрүү их олон үзэгчтэй байсан. Хүүхдүүд
өөрсдийн нүдээр бүрэн бүтэн амьдралыг өөр өөр өнцгөөс харж, бодож явдгаа уран
зургаар илэрхийлсэн байсан. Мөн зарим зураач хүүхдүүд
өөрсдийн бүтээлийн утга санааг үзэсгэлэнгийн үеэр тайлбарлаж насанд хүрэгчдэд
хүүхдүүдийн сэтгэл зүрх яг л ийм байдаг шүү. Тэд илүү их хангалуун амьдралыг
мөрөөдөхөөс илүү аав ээжтэйгээ хамт л байхыг тайван орчинд амьдрах, тэдний зүрх
сэтгэлийг, үгийг сонсдог байхыг л хүсдэг тухай хэлж ярьж байсан нь
уран зургийн гайхамшгийг насанд хүрэгчид болон хүүхдүүдэд мэдрүүлсэн томоохон
үйл ажиллагаа болж чадсан юм. Мөн “Бидний ертөнц” уран зургийн үзэсгэлэн маань
их үр дүнтэй болсон. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан гаргасан тус
үзэсгэлэнд Урлахуйн ухаан дугуйлангийн 3-15 настай хүүхдүүдийн 120 гаруй бүтээл
дэлгэгдэж долоо хоногийн
турш үзэгчдийн хүртээл болж байсан. Анхны бүтээлээ нийтийн хүртээл болгож буй бяцхан
зураачид маань энэ удаагийн үзэсгэлэнд байгаль, эцэг эх, гэр бүлийн
харилцаа, амьтдыг хайрлах хүний нинжин сэтгэлийн тухай дүрслэн зурсан
байсан. Үзэсгэлэнгийн 30 гаруй бүтээлийг багш, эцэг эхчүүд нь худалдан авч,
үзэсгэлэнгээс олсон орлогоо дугуйланд суралцаж чадахгүй байгаа эмзэг бүлгийн
хүүхдүүдийг сонирхсон дугуйландаа үнэ төлбөргүй суралцах боломжийг олгоход
хандивласан байгаа. Мөн
бид үзэсгэлэнгээ хөдөөгийн таван сумын ерөнхий боловсролын сургуультай хамтарч гаргасан нь хүүхдүүдэд маань их урам өгсөн. Ер нь хүүхдийн хөгжил, хамгаалал нь бүх нийтийн үйл
хэрэг байдаг. Тиймээс хүүхдүүдийг зуны амралтаа үр дүнтэй өнгөрөөхөд нь туслах
зорилгоор явуулын дугуйланг сумдаар явж хичээллүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Манай дугуйлангаас өнгөрсөн жил гурван
удаагийн зургийн үзэсгэлэнг гаргасан. Дугуйлангийн хүүхдүүдийн зургийн
үзэсгэлэнг хоёр удаа, хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг гурван удаа
зохион байгуулж явуулжээ. Харин уран бүтээлч хүний хувьд өөрийн зургийн
үзэсгэлэнгээ мөн Улиастайчууддаа дэлгэн үзүүлээд байгаа.
-Өөрийнхөө
үзэсгэлэнгийн талаар тодруулахгүй юу?
- Улаанбаатар хотод
амьдардаг байх үед Монголын Урчуудын Эвлэлийн уламжлалт хавар, намар бусад
үзэсгэлэнгүүдэд болон олон улсын чанартай үзэсгэлэнгүүдэд оролцдог байсан.
Харин Завхан аймагтаа ажиллаж амьдарч эхлээд тэр бүр Улаанбаатар хотод очиж үзэсгэлэнд
оролцож чадахгүй байна. Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын найман буюу
эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Цагаан
уул” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ гарсан. Энэ үзэсгэлэн нутагтаа гаргаж буй
миний анхны үзэсгэлэн байсан. Гурван хоног гарсан үзэсгэлэндээ 130 гаруй
зураг дэлгэн үзүүлсэн байгаа. Анхны үзэсгэлэн
маань ихэнхдээ цэцгийн зураг байсан. Цагаан уул, вансэмбэрүү, цахирмаа,
нил гээд 15 төрлийн цэцэг зурсан. Учир нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах
өдрөөр анхны үзэсгэлэнгээ дэлгэх тохиол бүрдсэн учраас тэр.
-Та уран бүтээлийнхээ
тоог мэдэх үү?
-Уран бүтээлээ тоолж үзээгүй юм байна. Сурч эхэлснээсээ гэх юм бол хэдэн мянгаараа тоологдох байх аа. Сэтгэлд байгаа
бүтээлүүдээ нэг тоолох юм байна шүү. /инээв/
-Ер нь зураач хүнд мэдрэмж байх хэрэгтэй юу эсвэл авьяас
гол зүйл байдаг уу?
-Мэдрэмж хамгийн чухал.
Гэхдээ авьяас бас хэрэгтэй. Мэдрэмж дээр суурилсан авьяасаа өнгөлөн зүлгэх, хөдөлмөрлөх,
зүтгэж байж уран бүтээлч болно доо. Ер
нь зураач хүн авьяасаа ашиглахгүй бол авьяас эзнээ шийтгэдэг гэдэг шүү дээ.
-Зураач хүн юугаараа баян байдаг вэ?
-Хүсэл мөрөөдөл,
сэтгэлээ зүрхээ зотон дээр байнга буулгадаг болохоор эдийн шунал, сэтгэлийн
шаналал бага байдаг. Ер нь уран бүтээлч бүхэн сэтгэлээрээ үргэлж л баян байдаг
байх. Бүтээл төрөх үед бүр баян болно шүү дээ. Эд материалаар дүгнэвэл хамгийн
ядуу хүмүүс шүү дээ. /инээв/.
-Хөдөө орон нутагт зураачид хэрхэн орлого олж
амьжиргаагаа залгуулдаг вэ? Боломж бий юу? Яагаад гэвэл төв суурин газар уран
зургийн үзэсгэлэн гаргаад бүтээлээ борлуулах нь зах зээл сайтай гэж ярьдаг шүү
дээ?
-За энэ бол хариулахад
их хэцүү гэхдээ би хариулахыг хичээе. Гадаадад бол хамгийн баян хүн зураач байдаг.
Яагаад гэвэл хүмүүсийнх нь сэтгэлгээ аль хэдий ахуйн хэрэглээнээсээ салаад оюуны хэрэгцээ рүүгээ хандсан учраас.
Харин нь манай хөдөө орон нутгийн хувьд хүмүүс нь уран зургаас илүү булган шуб,
годон гутал, үнэтэй машин, энгэсэг, гоо сайхны бараа таваар гээд материаллаг
зүйлээс сэтгэл ханамж илүү авдаг юм шиг санагддаг. Энэ бол миний бодол шүү. Гэхдээ
бидэнд боломж байгаа яагаад тайван амгалан хөдөө орон нутагтаа зураад төв
суурин газар луу борлуулж болохгүй гэж. Бодох хөдөлмөрлөх л хэрэгтэй. Ийм ч учраас
Завхан аймгийн учруудын салбарыг шинэчилж сэргээж уран бүтээлчид нэгдээд байгаа
юм шүү дээ. Бид одоо хамтдаа бүтээж хөгжих л хэрэгтэй байна. Бодож төлөвлөсөн
юм их байна даа.
-Нууц биш бол хамгийн үнэтэй борлуулж байсан бүтээлээ
нэрлээч?
-Олон жилийн өмнө
АНУ-д үзэсгэлэнд явуулсан “Хүйн холбоо”
бүтээл минь 10 сая орчимд зарагдсан байсан. Мэдээж дундаас нь цавчсан л байлгүй./инээв/
-Б.Явуухулангийн 90 насны ой энэ жил тохиож байна. Энэ
түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр аймгийн ЗДТГ, ИТХ-аас тодорхой төлөвлөгөө
гаргаж ажиллаж байгаа юм билээ. Энэ түүхэн ойн үеэр уран зургийн үзэсгэлэн
гаргах төлөвлөгөөтэй байгаа гэж дуулсан?
-Тиймээ. Энэ түүхэн ойд
зориулж завхан аймгийн уран зураач, барималчид хамтран үзэсгэлэн гаргах
төлөвлөгөөтэй байна. Бид хамтран ажиллах талаараа одоохондоо ярилцаагүй байна.
Гэхдээ уран бүтээлчид уран бүтээлээ хийгээд эхэлсэн явж байгаа. Ойн үеэр ямар
үзэсгэлэн гаргах нь нууц байх ёстой байх. Хугацаа нь болохоор олон нийтэд
мэдээлэл өгнө өө.
Баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.