Үзэсгэлэн худалдааны үеэр иргэд хогоо ангилан ялгах дадалд суралцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-01 14:12:59

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт иргэдийн хүсэлтээр уламжлал болгон зохион явуулдаг цагаан сарын хямдралтай үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулж, 67 бизнес эрхлэгч оролцож 106.5 сая төгрөгийн борлуулалтыг хийсэн гэж МҮХАҮТ-ын Завхан салбар танхимаас сэтгүүлчдэд мэдээллээ.

Тус байгууллага жил бүр аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжин, орон нутагт үйлдвэрлэсэн  брэнд бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, сурталчлан борлуулах, иргэдийн цагаан сарын хэрэгцээт бүтээгдэхүүнээ нэг дороос худалдан авах боломжийг бий болгох зорилгоор энэхүү үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг юм. Энэ жилийн тухайд эрэлт хэрэгцээ их төдийгүй иргэдийн хүсэлтийн дагуу цагаан сарын өмнөхөн буюу нэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Ер нь үзэсгэлэн худалдааг хугацааны хувьд баяр ёслол болохоос 5-7 хоногт зохион байгуулах нь иргэдэд ч боломжтой, бизнес эрхлэгчдэд ч ашигтай байдаг. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Улиастай сумаас гадна Алдархаан, Их-Уул, Отгон, Тосонцэнгэл, Идэр гэсэн сүү цагаан идээ, оёмол бүтээгдэхүүнээ брэнд болгосон сумын 17 аж ахуй нэгж байгууллага ирж оролцлоо. Мөн хүнсний 13 цех, 37 хувь хүн нийт 67 бизнес эрхлэгч оролцож цагаан идээ, хэвийн боов, оёмол бүтээгдэхүүн, модон эдлэл, арьс ширэн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, жимс, хүнсний ногоо, бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн, эсгий сүлжмэл бүтээгдэхүүн, бэлэн хувцас зэрэг 160 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ сурталчлан борлууллаа. Бизнес эрхлэгчид маань бараа бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг борлуулсан байна.

Зарим нарийн боовны цех нэмэлт захиалгаар үйлчилжээ

Мөн зарим хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа гурилан бүтээгдэхүүнүүд борлуулалт сайтай байсан төдийгүй зарим цех нэмж захиалга авсан байна. Манай салбар танхимаас үзэсгэлэн худалдаанд оролцсон нийт бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийн байдал, өнгө үзэмж, чанар технологи, ажлын байр бий болгож байгаа болон түүхий эдийн олдоц, цаашид үйлдвэрлэлийн ирээдүй, үзэсгэлэн худалдаанд ач холбогдол өгч оролцож байгаа байдал, хийсэн борлуулалт зэргийг нь харгалзан үзэж зохион байгуулах комиссын шалгаруулалтаар шилдэг бизнес эрхлэгчдийг шалгаруулан шагнаж урамшуулдаг. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны гранпри шагналыг төрөл бүрийн хийц дизайнтай булган малгай үйлдвэрлэдэг Булган сор хишиг ХХК-д олгосон  байна. Энэ бүтээгдэхүүн нь эрэлт ихтэй борлуулалт сайтай, бас захиалга ихтэй байсан. Харин хөнгөн үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнээр Улиастай сумын Өлзийт багийн иргэн Н.Гаравсүрэнгийн  уламжлалт дээс, гэрийн иж бүрдэл шалгарчээ. Хүнсний үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнээр Улиастай сумын Жинст багийн иргэн Я.Банзрагчийн өөрийн тарьсан ногоогоор хийсэн төрөл бүрийн ногооны салат, шилдэг хэвийн боовоор Миний Завхан цехийн хэвийн боов, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнээр Их-Уул сумын иргэн Ж.Эрдэнэбаярын сүү цагаан идээ тус тус шалгарлаа. Мөн энэ жилийн үзэсгэлэн 

худалдаанд “Ногоон гарц” нэгдлийнхэн хамтран ажиллаж бизнес эрхлэгчдэд зориулан хогоо хэрхэн ангилан ялгах талаар сурталчилгаа хийж орой бүр ангилсан хогийг нь бөөгнүүлэн үзэсгэлэнгийн талбайг цэвэр цэмцгэр байх тал дээр анхаарал тавьж ажилласан нь онцлог болов. Үзэсгэлэн худалдааны орчинд санаандгүй осол гаргахаас урьчилан сэргийлж авто машинтайгаа замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зориулалтын зогсоолд байрлуулах, бараа бүтээгдэхүүнээ зөөвөрлөхдөө анхаарал болгоомжтой байх, замаар хөндлөн гарахдаа аюулгүй гарцыг сонгож гарах гэх мэт аюулгүйн зөвлөмжийг бизнес эрхлэгчид болон үйлчлүүлэгчдэд анхааруулан аймгийн Замын цагдаагийн тасаг, Улиастай сумын ЗДТГ хамтран амжилттай ажиллалаа хэмээн МҮХАҮТ-ын Завхан салбар танхимын менежер Р.Нэнжмаа ярилаа.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчид хогоо ангилан ялгаж сурчээ

Энэ жилийн цагаан сар-2019 үзэсгэлэн худалдааны онцлох үйлчилгээ нь Завхан ногоон гарц нэгдэл ТББ-ын үйлчилгээ байв. Тус ТББ нь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшүүлэх зөв дадлыг иргэдэд өгөх зорилгоор 2018 онд байгуулагдсан байна.

Тэд энэ жил “Цэвэр цэмцгэр-Улиастай” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд нэг сар гаруй болж байгаа аж. Төслийнхөө хүрээнд “Цагаан сар – 2019” үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаанд хамтран оролцож бизнес эрхлэгчид болон үйлчлүүлэгч иргэдэд хог хаягдлаа хэрхэн ангилан ялгаж эх үүсвэр дээр нь бууруулах талаар зааварчилгаа өгч, орой бүр ангилсан хогийг нь зориулалтын хогийн цэг дээр хүлээн авч зайлуулах үйл ажиллагааг гардан зохион байгуулжээ. Үр дүнд нь үзэсгэлэнгийн талбай өдөр бүр цэвэр цэмцгэр байж, бизнес эрхлэгчид болон үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлсэн иргэд зөв дадалтай болох эхлэл тавилаа. "Энэ үеэр бид иргэдэд шил лааз, цаас, хуванцар, гялгар уут, бусад хог гэж дөрвөн төрлөөр хогийг нь ангилуулах дадлыг өгсөн. Ер нь энэ дадлыг амьдралынхаа зуршил болгоод авчихбал иргэд байгаль орчноо бохирдуулахгүй байх наад захын жишээ юм. Өнөөдөр хогоо ангилж ялгаад ачуулаад сурчихна гэдэг том соёл юм. Цаашид энэ ангилсан хогийг хогийн цэгт хэрхэн хүлээж авч дарж булах, дахин ашиглах гээд олон үйл ажиллагааг бий болгоод явчихвал бид байгаль орчиндоо ээлтэй байж чадна гэдэг мэссэжийг бид иргэд болон, холбогдох албаныханд хэлдэг. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцогч бизнес эрхлэгчдээс хамгийн идэвхтэй хог хаягдлаа ангилан ялгаж оролцсон бизнес эрхлэгчдийг бид урамшуулсан. Тухайлбал ”Цэнхэр хулан” хоршооны менежер Д.Буриад, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч О.Норжинлхам, Мобиком, Завхан салбарын ажилтан Н.Нямгэрэл, Тосонцэнгэл сумын сүү сүүн бүтээгдэхүүн борлуулагч Н.Бадамсэд нар бусдыгаа манлайлан идэвхтэй оролцож ТББ-ын урамшуулал шагналыг хүртлээ. Бид цаашид Улиастай сумд зохион байгуулагдаж буй олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаанууд дээр хамтран ажиллаж иргэдэд зөв дадалтай болоход нь туслах юм. Мөн аймгийн Хот тохижилт үйлчилгээний газар, орон сууцуудын сууц өмчлөгчдийн холбоотой хамтран ажиллаж байна" хэмээн  хэмээн Завхан ногоон гарц нэгдэл ТББ-аас мөн мэдээлэв.

 

Related news