Мөрөн сумын иргэд цэвэр аюулгүй цэвэр усаар хангагдах нөхцөл бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 09:07:41

Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар Мөрөн суман дахь гүн өрмийн 58, эх үүсвэрийн 4 худгууд, ус түгээх 39 усан санд хамгаалалтын бүсийг тогтоожээ.

Ийнхүү гүн өрмийн болон эх үүсвэрийн худгууд, усан сангууд, үерийн хамгаалалтын далангуудад онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтоосноор Мөрөн сумын 36969 иргэн цэвэр аюулгүй усаар хангагдах нөхцөл бүрджээ. Хууль, журамд зааснаар усны сан бүхий газрын эргээс 50 м-ээс доошгүй, үерийн хамгаалалтын далангаас 50 м-ээс доошгүй зайд онцгой хамгаалалтын, ус хангамжийн эх үүсвэрээс 100 м-ээс доошгүй зайд эрүүл ахуйн, усан сан бүхий газрын эргээс 200 м-ээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс тогтоохоор заасан байдаг. Гэвч өнөөгийн нөхцөлд ус түгээж байгаа гүний худгууд дээрх шаардлагыг хангахгүй байгаа төдийгүй айлын хашаанд энгийн бие засах газар, бохирдуулах эх үүсвэрийн ойролцоо байгаа нь бохирдол үүсч халдварт өвчин үүсэх нөхцөл бүрдэж байгаад анхаарч хамгаалалтын бүс тогтоосон гэнэ.

Газрын доорх ус бохирдсон үед маш удаан хугацаагаар цэвэршдэггүй учир тухайн худгийг хаахаас өөр зам байхгүй бөгөөд газрын гүний судлаар дамжин бусад худгууддаа нөлөөлдөг ажээ.

Б.Гантуяа

Related news