Завханд ард иргэдээ сонсох тавдугаар аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-28 22:19:00

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн ЗДТГ-аас иргэдээ сонсох тавдугаар аянаа эхлүүлжээ. Аяны хүрээнд Завхан аймгийн удирдлагууд, төрийн байгууллагын мэргэжилтнүүдийн 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлүүлэн аймгийн 24 суманд ажиллажээ.

Ажлын хэсгийнхэн нийт айл өрхийнхөө 80 хувиар нь орж 20 гаруй мянган иргэний санал хүсэлтийг сонсож, мэдээ мэдээлэл хүргэснээс гадна төрийн албан хаагчдын ажлыг ард иргэдээрээ үнэлүүлжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тэтгэвэртээ гарсан ахмад төрийн албан хаагчид багтаж сумдын төрийн албан хаагчдад  зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, ахмад, дунд, залуу үеийн эргэх холбоог хангаж ажилласан нь тавдугаар аяны онцлог үйл ажиллагаа болов. Завхан аймгийн төрийн албан хаагч бүр гурваас таван айл өрхийг хариуцаж, төр-иргэнийг холбох гүүр болон ажиллаж байгаа нь иргэддээ ойртсон үр дүнтэй ажил болж байна. Өөрөөр хэлбэл иргэд өөрийнхөө өмнө тулгамдаж буй төрийн байгууллагатай холбоотой асуудлыг хариуцсан төрийн албан хаагчдаараа дамжуулан шийдвэрлүүлдэг болсноор төрийн үйлчилгээг илүү шуурхай, чирэгдэлгүй хүргэж хэвшлээ. “Ард иргэдээ сонсох аян”-ыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулдаг юм. Жил бүрийн наймдугаар сард төрийн цогц үйлчилгээг багт хүргэж ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсдог бол шинэ оны эхний ажлаа ийнхүү айл өрхүүдээрээ орж ард иргэдээ сонсохоос эхлүүлсэн юм. Аяны үеэр төрийн байгууллага, төрийн албан хаагчийн ажлыг дээд шатны албан тушаалтан бус ард иргэд үнэлдэг болсноор иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч байгааг иргэд дуулгаж байсан. Ер нь иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг, төрийн албан хаагчид айл өрхүүдээ хариуцан ажилладаг, төрийн ажлыг иргэдээрээ үнэлүүлдэг, иргэн төвтэй төр бүхий аймаг болох зорилт дэвшүүлэн ажилласны үр дүн гарсаар байгаа хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Завхан аймаг “Ард иргэдээ сонсох нэгдүгээр аян”-ыг 2016 оны аравдугаар сард эхэлж байсан бол энэ жил ийнхүү гурав дахь жилдээ амжилттай үргэлжлүүлээд буй нь энэ юм.  

Related news