УИХ-ын дарга З.Энхболд Говь-Алтай аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 11:07:19

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр ням гарагт Говь-Алтай аймагт ажиллалаа. Тэрээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинээр нээгдэж байгаа Гемодиализын тасгийн нээлтэнд оролцож уг тасгийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа.

Дараа нь тус аймгийн Баялаг бүтээгчдийн холбооноос зохион байгуулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг үзэж орон нутагтаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэдтэй санал солилцож, тэдэнд тохиолдож байгаа бэрхшээл юу байгааг сонирхож ярилцлаа. Иргэд зээлийн нөхцөлийг сайжруулах,  үйлдвэрлэж хийсэн бүтээгдэхүүнийг борлуулахад сүлжээ дэлгүүрүүд бий болгох, хууль эрх зүйн орчин ээлтэй байхын чухлыг онцолж байлаа. УИХ-ын дарга орон нутгийн үйлдвэрлэгчид нутгийнхаа баялагт түшиглэсэн өөр хаана ч байхгүй онцлог нэрийн бүтээгдэхүүн, жинхэнэ эрүүл ахуйн шаардлага хангасан эко бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэж байгааг сайшаалаа.  Тэндээсээ аймгийн АДБ-ийн “Алтай” чуулгад иргэдтэй уулзалт хийлээ.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийж иргэдийн сонирхсон асуултанд хариулт өглөө. УИХ-ын даргын Говь-Алтай аймгийн иргэдтэй хийсэн уулзалтанд УИХ-ын гишүүн ХХАА-н Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Засгийн газрын гишүүн Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал нар байлцав. УИХ-ын дарга З.Энхболд өнөө өглөө Завхан аймагт ажиллахаар мордлоо.

                                                                               Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news