Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүд гар бие оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-15 21:40:01

Завхан /МОНЦАМЭ/. Завханд "Завхан аймгийн аялал жуулчлал ба хөгжлийн гарц" нэртэй форум болж 24 сумын МЭХ-ны гишүүн эмэгтэйчүүд, 400 орчим иргэн оролцжээ. Тус арга хэмжээг Завханы ЗДТГ, БОАЖГ, Санхүү эдийн засгийн их сургууль, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан дахь салбар хамтран зохион байгуулав.

Форумыг нээж Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн ректор Б.Мөнхбаяр нар оролцогчдод амжилт хүсэж, аялал жуулчлалыг орон нутгийнхаа онцлогт тохируулан хэрхэн ямар замаар хөгжүүлж болох гарц, шинэ мэдээллийг форумаас олж авч, санал хүсэлтээ нээлттэй ярилцахыг хүссэн байна.

Энэ үеэр форумыг голлон зохион байгуулагч МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүд нийгмийн сүлжээг хэрхэн оновчтой ашиглах вэ?” сэдвээр сонирхолтой илтгэл тавьжээ. Хоёр өдөр үргэлжилсэн форумын зорилго нь Завхан аймгийн байгаль, түүхийн дурсгал, нийгэм соёлын нөөцүүдэд түшиглэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аймгийнхаа иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, мөн хамгаалангаа ашиглах "эзэн соёл"-ыг төлөвшүүлэх, орон нутгийн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлтэй уялдуулан хөгжих цогц бодлого хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох, оролцогчдыг чадавхжуулах зорилготой юм.

Тиймээс Завханы 24 суманд жижиг, дунд үйлдвэрлэл, гар урлалыг хөгжүүлж буй эмэгтэйчүүдийнхээ саналыг авч тэдний хийж чаддаг, үйлдвэрлэдэг орон нутгийн онцлог шингэсэн бүтээгдэхүүнийг аялал жуулчлалтай холбож гадаад, дотоодын жуулчдыг татах сум бүрийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгон, зах зээлд хэрхэн нэвтрүүлэх талаар бид энэ үеэр маш сайн ярилцаж санал солилцлоо.

Сумдын эмэгтэйчүүд маань өөр өөрийн гэсэн онцлог бүхий бүтээгдэхүүнийхээ чанар, сав баглаа боодол гээд бүх зүйлд хэрхэн ямар судалгаатай анхаарал хандуулж ажиллах талаараа үнэтэй зөвлөгөө, сургалтыг давхар авч чадлаа. Энэ үеэр дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, хөдөө аж ахуйн салбарыг аялал жуулчлалтай уялдуулах боломж бий юу, аялагчдад таатай үйлчилгээ үзүүлэх анхан шатны стандарт гэж юу вэ гэхчлэн түүнийг харуулсан танилцуулах үзүүлбэр хийлээ. Аялал жуулчлалыг түшиглэн нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд хэрхэн ашиг шим хүртэх боломжийг харуулсан жишээ үзэсгэлэнг гаргалаа. Мөн Завхан аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөний танилцуулга хийж, оролцогчдоос санал авчээ.

Энэхүү форум нь Завхан аймагт аялал жуулчлалыг зүй зохистой хөгжүүлэх чиг хандлага, иргэд болон оролцогч талуудын оролцоог хангах, аялал жуулчлалын салбарын санхүүжилт, дагалдах бизнесүүдийг хөгжүүлэх боломжуудын талаар оролцогчдод нэгдсэн ойлголт өгч, аялал жуулчлалын нэмүү өртгийн сүлжээнд оролцох байр сууриа тодорхойлоход тусалж чадсан гэж бодож байна хэмээн МЭХ-ны Завхан дахь салбарын тэргүүн Х.Даваахүү энэ үеэр мэдээлэв. 

Related news