Залуучууд шинэ санаагаа уралдуулж 90 сая төгрөгийн тэтгэлэг авахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-15 22:08:59

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн залуучуудын гарааны бизнесийг дэмжих зорилготой “Start up Weekend” хөтөлбөрийн 2019 онд санхүүжүүлэх хөтөлбөрүүд шалгарлаа.

Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих “Start up Weekend” хөтөлбөрийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү арга хэмжээг Завханы хойд бүсийн сумдыг хамруулан Тосонцэнгэлд, төвийн бүсийг Улиастай суманд тус тус амжилттай зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд шинэ, шинэлэг санаатай 9 бүлгийн 45 залуучууд оролцож, хоёр өдрийн турш хөтөлбөрийн сургалтад хамрагдаж шинэ санаагаа уралдуулан төсөл бичиж, өнгөрсөн амралтын өдөр нийт 90 сая төгрөгийн санхүүжилт олгох батламжийг шилдэг багуудад гардуулан өгчээ.

Ийнхүү төвийн бүсээс тэргүүн байрыг орчуулгын товчоо төсөл, дэд байрыг авто засвар, хүнд механизмын мэргэжлийн багш нарын дуудлагын авто үйлчилгээ төсөл, гуравдугаар байрыг улаан хальст сармисны эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл тус тус шалгарч хүүгүй, 36 сарын хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэй 10 сая төгрөгийн тэтгэлгийг тус бүр авахаар болжээ.

Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр, сургалтыг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Политехникийн сургуулиуд "Start Up Mongolia" ТББ-тай хамтран зохион байгуулжээ. Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгуулдаг “Start up Weekend” арга хэмжээг Завхан аймаг гурав дахь жилдээ зохион байгуулсан нь энэ юм. Энэхүү арга хэмжээ нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой бөгөөд Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “GFA Консалтинг” группийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлтэй хамтран ажиллах хүрээнд зохион байгуулдаг. 

“Start up Weekend” хөтөлбөрийг "Старт ап Монгол" ТББ-тай хамтран зохион байгуулж, залуучуудын ямар нэг санааг бодит бизнес болгох хүртэлх шат дамжлагуудтай оролцогчдыг биечлэн танилцаж, туршлагажих боломжийг нь 54 цагт багтаан олгодгоороо онцлогтой юм. Уг хөтөлбөрийг дэлхийн 130 орны 800 гаруй хотод тогтмол зохион байгуулдаг, үр дүн нь батлагдсан олон улсын арга хэмжээ бөгөөд зохион байгуулагчдын зүгээс инновац төрөх орчныг бүрдүүлж, оролцогчдыг чиглүүлэн, өөрсдийг нь ажиллуулдагт үйл ажиллагааны давуу тал нь оршдог юм байна. 

Дашрамд, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гарааны бизнесээ эхлүүлэх сонирхолтой өөрийн гэсэн шинэ шилдэг санаатай залуучуудад төсөл бичих, бизнесийн олон талын сургалтуудыг явуулдаг ажээ.  

Related news