Он гарсаар 1600 гаруй хүн нийтийн хог цэвэрлэгээг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-21 18:11:40

Завхан /МОНЦАМЭ/. Он гарсаар “Эко Завхан” аян үр дүнтэй үргэлжилж, аймгийн хэмжээнд 24 сумын 70 гаруй байгууллагын 1600 гаруй хүн орчны бохирдлыг арилгах, нийтийн эзэмшлийн зам талбайн хогийг хоёр удаа цэвэрлээд байна. 

Завхан аймаг орчныхоо бохирдол доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор “Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд “Эко Завхан” аяныг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа аж. Өнгөрсөн жил аяны үр дүнг хагас, бүтэн жилээр дүгнэж шилдэг эко сум, байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шагнаж урамшуулсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар аймгийн төв Улиастай суманд он гарсаар 40 гаруй албан байгууллага, 30 гаруй иргэн сайн дураараа нийтийн эзэмшлийн зам талбай болон голын ай сав дагуух хогийг цэвэрлэжээ. 

Мөн долоо хоног бүрийн баасан гараг болон амралтын өдрүүдэд төрийн байгууллага, сумууд өөрсдийн хариуцсан газар, талбайнхаа хог хаягдлыг цэвэрлэх ажлыг идэвхтэй зохион байгуулж байна. Тухайлбал Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа Улиастай хотын Цагаан хаалганаас Алдархаан сумын Морьтой толгой хүртэлх нийт 27 километр газрын голын ай сав болон орчны хог хаягдлыг цэвэрлэж хоёр портер хогийг төвлөрсөн хогийн цэгт ачиж буулгажээ.

Түүнчлэн аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олон гэхэд он гарсаар хоёр удаа Богдын голын сав дагуух хогийг цэвэрлэж ачуулсан байна. Алдархаан, Тосонцэнгэл, Сантмаргаз, Эрдэнэхайрхан зэрэг найман сум төвлөрсөн хогийн цэгийн талбайгаа багасган шууж тохижуулах ажлыг хийгээд байна. Аймгийн хэмжээнд нийтийн эдэлбэр газарт 450 гаруй хог хаягдлын сав байрлаж байгаа бол “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд Улиастай сумын гэр хорооллын айл өрхүүд болон гудамж талбайд 83 ширхэг хогийн савыг нэмж байршуулжээ.


Аюултай хог хаягдал хадгалах хүнхээл байгуулж ариутгаад байна

Хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж хөрс эвдэрч хуурайших, ургамлын бүтэц өөрчлөгдөх, гол горхи, нуур цөөрөм бохирдож хатаж ширгэх, мөнх цас хайлах, ургамал, амьтны төрөл зүйл цөөрөх, байгалийн онц аюултай үзэгдэл ихсэх, ган зуд, гал түймэр нүүрлэх зэрэг олон сөрөг үзэгдлүүд гарсаар байна.

Тиймээс хүн бүр хойч үедээ байгаль, эх дэлхийгээ онгон дагшин, эрүүл чигээр нь үлдээхэд сэтгэл зүрхээ зориулж, гар бие оролцох хэрэгтэй байгаа юм.

”Эко Завхан” аяны хүрээнд Улиастай хотын төвлөрсөн хогийн цэгийн 18 га талбайг тохижуулж, хогийг хагас ландфиллын аргаар хаах ажлыг Хот тохижилт үйлчилгээний алба, “Сүм сүндэр өргөө” ХХК хамтран гүйцэтгэж байна. Мөн төвлөрсөн хогийн цэгийн 4.7 га газрын өргөст торон хайс хамгаалалтыг сэргээн засварлан, технологийн сайжруулалт хийж, 1800 орчим метр газар хамгаалалтын далан, шуудууг татаж, төвлөрсөн хогийн цэг рүү хүрэх шороон замыг сайжруулсан байна.

Түүнчлэн төвлөрсөн хогийн цэгийн талбай дотор аюултай хог хаягдал хадгалах 15 шоо метрийн багтаамжтай дөрвөн ширхэг хүнхээлийг байгуулж, 200 литр хлорын шохойг ариутгалын зориулалтаар хүнхээл тус бүрд хийж ариутгаад байгаа. Төвлөрсөн хогийн цэг орчмын газрыг эрүүлжүүлэх зорилгоор мод, бут тарих ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлж 20 ширхэг улиас модыг тарьж, найман ам дөрвөлжин метр газрыг зүлэгжүүлээд байна. Энэ жил 50 гаруй мод тарьж, зүлэгжүүлсэн талбайгаа өргөтгөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан иргэд, албан байгууллага бүр өөрийн эзэмшлийн талбай, хашаа хорооныхоо дэргэдэх эзэнгүй хогийг цэвэрлэх, гудамж талбайд иргэд хог, муу усаа асгахаас сэргийлж хяналт тавих, орчиндоо цэвэр цэмцгэр амьдрахыг уриалж байна. Ирэх амралтын хоёр өдрийг аймгийн хэмжээнд нийтийн цэвэрлэгээний өдөр болгосон. Энэ үеэр байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд нийтийн эзэмшлийн зам талбай, голын ай сав, улсын чанартай автозамын дагуух хогийг цэвэрлэнэ. Тиймээс идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн аймгийн Хот тохижилт үйлчилгээний албанаас мэдээлэв. 

Related news