“Тогтвортой амьжиргаа III” төсөл 2018 он хүртэл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-29 01:01:58
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт “Тогтвортой амьжиргаа III” төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн зорилго, үйл ажиллагааны чиглэлээр тус төслийн Сум дэмжих багийн ахлагч Б.Дуламсүрэн мэдээлэл хийв.

“Тогтвортой амьжиргаа төсөл” нь 2002 оноос манай улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөдөөгийн малчид болон зорилтот бүлгийн иргэдийн амьдрал, өрхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн юм. Төслийн нэгдүгээр үе шат нь хөдөөгийн бүс нутагт анхаарлаа хандуулж бэлчээрийн эрсдлийн менежментийг нэвтрүүлж хөрөнгө оруулалт хийсэн байна. Ингэхдээ Орон нутгийн хөгжлийн сантай нь хамтарч ажиллажээ. Мөн алслагдсан сумдын малчдад санхүүгийн үйлчилгээг ойртуулах, сайжруулах зорилгоор Бичил санхүүгийн хөгжлийн сан байгуулсан ажээ. Харин төслийн хоёрдугаар шат нь 2008 онд эхэлж дээрх ажлуудыг эрчимжүүлж аргачлалуудыг нь сайжруулсан байна. Үүний үр дүнд өвөлжилтийн бэлтгэлээ хангадаг айл өрхийн тоо 57 хувиар нэмэгдэж 36 мянган малчин өрх бэлчээрийн менежментийн ур чадвараа дээшлүүлжээ. Харин гурав дахь үе шат нь малчид, иргэдийн амьжиргааг дэмжиж эдийн засгийн урт хугацааны  тогтвортой байдлыг бий болгоход  инновацийг нэвтрүүлэхэд нь туслах ажээ. Уг төсөл 2018 он хүртэл хэрэгжих бөгөөд Олон улсын хөгжлийн ассоциациас 22.7 сая ам.долларын хөнгөлөлттэй, Швейцарийн хөгжлийн агентлагаас 11.4 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжиж байгаа аж.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news