“Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадамд оролцох яруу найрагчид тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-31 10:19:49

Завхан /МОНЦАМЭ/. Дорнын их яруу найрагч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Явуухулангийн мэндэлсний 90 насны ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам 6 дугаар сарын 6,7-нд Завхан аймгийн төв Улиастайд болно.

Түүний 90 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн гарчээ.

Эхний шатны шалгаруулалтад оролцогчдод сүүлийн таван жилд номоо хэвлүүлсэн байх, Их Очирваань хайрхан, Хутагтуудын талаар бүтээл туурвисан байх гол шалгуурыг тавьсан ажээ. Монголын зохиолчдын эвлэлд 80 орчим найрагч бүтээлээ ирүүлснийг Монголын зохиолчдын эвлэл, наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөл бүхий комисс хоёр өдөр шүүн тунгааж, шилдэг 36 яруу найрагчийг хоёрдугаар шатанд шалгаруулахаар үлдээжээ. Эдгээр 36 найрагч дотор Монголын Зохиочдын эвлэлийн шагналт яруу найрагч 18, “Болор цом” –ын эзэн найрагч хоёр, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч тав, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт найрагч долоо, Хутагтын хишигтэн найрагч хоёр, гадаад дахь Монгол туургатнаас дөрвөн найрагч тодорчээ. 

”Болор цом" наадмын хоёр удаагийн эзэн яруу найрагч б.Ичинхорлоо, Болор цомын эзэн найрагч Л.Хасар, МЗЭ- ийн шагналт, Хутагтын хишигтэн яруу найрагч О.Цэнд-Аюуш, Өвөрмонголын яруу найрагчид зэрэг 36 найрагч 6 дугаар сарын 6-ны өдөр Завхан аймагт зохион байгуулах “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадамд оролцох эрхтэй болж байгаа юм.

Түүнээс гадна 2009, 2014 онд зохион байгуулсан "Очирваанийн их эгшиглэн" яруу найргийн наадмын Хутагтын хишигт яруу найрагчид оролцох эрхтэй юм. Ингэснээр Богд Очирваань –Отгонтэнгэр уулнаа тойрон мэндэлж, хишиг буянаа хүртээсэн 10 Хутагтын хишигтэн-шилдэг 10 найрагч тодорч “Хутагтын хишигтэн” цом, тус бүр нэг сая төгрөгийн шагналын эзэн болно. 

 “Тасархайн бууцанд төрсөн шүлгүүд” эмхэтгэл хэвлүүлнэ
Дорнын их найрагчийн 90 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Алдархаан сумын нутаг “Тасархайн ам”-ны “Явуугийн бууцанд төрөх шүлгийн уралдаан” зохион байгуулах бөгөөд оролцох эрх бүх хүмүүст нээлттэй, энд төрсөн бүтээлүүдийг “Тасархайн бууцанд төрсөн шүлгүүд” эмхэтгэлд оруулан хэвлүүлэх юм.

Мөн үеэр Явуухулан сангаас “Явуугийн нэрэмжит” шагналын эздийг тодруулна. “Очирваанийн их эгшиглэн “яруу найргийн гурав дахь удаагийн энэхүү наадамд урилгаар Ардын уран зохиолч Б.Догмид, Т.Галсан, Азийн шилдэг яруу найрагч Д.Урианхай, Төрийн шагналт, Болор цомын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, Соёлын гавъяат зүтгэлтэн, Болор цомын хоёр удаагийн аварга, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Хулан, “Болор цом”-ын эзэн, Хутагтын хишигтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулга зэрэг шилдгүүд оролцоно. 

Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт зургадугаар сарын 6-ны өдөр Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрт эхэлнэ. “Очирваанийн их эгшиглэн-2019” наадамд оролцох найрагчдыг дуулгавал

1.Ч.Алтантүлхүүр 
2. н.Алтан-Уул /Өвөрмонгол/ 
3. Т.Амар-Амгалан 
4. М.Амархүү 
5. Ш.Бадарч 
6. Т.Баянсан 
7. Н.Батжаргал 
8. Батсайхан 
9. М.Баттөмөр 
10. Л.Батцэнгэл 
11. Г.Бөртэ-Үжин 
12. Бүргэд /Дээд Монгол/ 
13. Г.Бямбажав 
14. Э.Гантулга 
15. Т.Дарханхөвсгөл
16. Х.Дугарсүрэн 
17. Б.Жамбалдорж 
18.Б.Ичинхорлоо 
19. Г.Ишхүү 
20. А.Лхагва 
21. Г.Лхагвадорж 
22. А.Мягмаржав 
23. Н.Минжинсайхан 
24. В.Нэргүй 
25. Я.Отгонбаяр 
26. Д.Оюундэлгэр 
27.Л.Хасар 
28. Б.Сарантуяа 
29. А.Түмэнбаяр 
30. н.Уран /Өвөр Монгол/
31. М.Уянсүх 
32. Ц.Цэнд 
33. О.Цэнд-Аюуш 
34. Б.Энхжаргал 
35. Х.Эрдэв 
36. Ч.Эрдэнэбаатар нарын найрагчид хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр болжээ. Ийнхүү Очирваанийн нутгийн тэнгэр дор яруу найргийн яруу үгсүүд удахгүй эгшиглэнэ хэмээн Б.Явуухулангийн 90 насны ойг тэмдэглэх ажлын хэсгээс тус тус мэдээлэв.

 

Related news