“Жаргаах зүрхэн” дууны уралдаанд 200-аад ардын авьяастан оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМонгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын билиг зүйч Жамцын Бадраагийн мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Ойн хүрээнд түүний уран бүтээлийг хүүхэд, залуу үеийнхэнд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх арга хэмжээг Хөвсгөл аймгийн хэмжээнд зохион байгуулж "Жаргаах зүрхэн" нийтийн дууны эхний шалгаруулалт 23 суманд амжилттай явагдаж нийт 190 гаруй ардын авьяастан оролцжээ. Шалгарсан 28 ардын авьяастан оролцсон 2-р шатны шалгаруулалт Аймгийн Хөгжимт драмын театрт болж тэргүүн байрыг Алаг-Эрдэнэ сумын ардын авьяастан Г.Зоригт "Халуун элгэн нутаг" дуугаар, 2-р байранд Бүрэнтогтох сумын ардын авьяастан Г.Батзаяа "Чандмань-Эрдэнэ" дуугаар, 3-р байрыг Мөрөн сумын ардын авьяастан Э.Шүрэнцэцэг "Зандан шоо" дуугаар эзэлжээ. Түүхт их ойг угтан бага ангийн сурагчид Ж.Бадраагийн шүлэг Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” дууны үг аяыг бүрэн зөв цээжлэн сурах, дунд ангийн сурагчид түүний зохиол бүтээлийг судлан шүлэгнүүдээс уран тод уншин цээжлэх, ахлах ангийн сурагчид “Найрсаг байгаасай” дууг сурах “Ардын билиг зүйч Жамцын Бадраа” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулжээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа